БАЯНХОНГОР: Сум бүрд Ургийн бичгийн танхим байгуулахаар төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн "Ураг удам уламжлал Хонгор холбоо" хамтран "Өрх бүр-Угийн бичиг" аяны хүрээнд сумдын салбар хороодын гишүүдийг чадваржуулах сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь монгол угсаатны үнэт өв болсон угийн бичгийн уламжлалыг сэргээж, өрх бүр удам судраа хөтлөн, хадгалах, удмын сангийн аюулгүй байдлыг эрхэмлэх соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
Угийн бичгийг шинжлэх ухаанчаар хөтлөх аргачлал, үр өгөөж, мэдээлэл ашиглалтын ач холбогдол, угийн бичиг хөтлөөгүйгээс үүдэх хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд болон аяныг зохион байгуулах багийн гишүүд илтгэл тавьж, мэдээлэл хүргэв. Мөн сум бүрд Ургийн бичгийн танхим байгуулах, Төрийн архивын сан хөмрөгийг баяжуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлэх зорилтыг Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг танилцууллаа.
Чадавхжуулах сургалтад сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сум, аймгийн ахмадын хорооны тэргүүлэгч нар болон Угийн бичиг хөтөлж, ургийн баяраа хийсэн иргэдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцож, угийн бичиг хөтлөх арга зүй, түүхэн ач холбогдол, мэдээллийн бүрдүүлэлт талаар илтгэл сонсож туршлага хуваалцав.
Сургалтын хүрээнд "Ураг удам уламжлал Хонгор холбоо"-ны тэргүүн А.Мандах "Угийн бичиг түүхэн уламжлал 2025-2028 аяны зорилт"-ыг танилцуулж, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Мөн уулзалтаар талууд “Өрх бүр-Угийн бичиг” аяны хэрэгжилтийг хангахад нутгийн захиргааны байгууллагын оролцоо, эрх зүйн орчны чухал байдал, угийн бичгийн ач холбогдол болон түүнийг иргэдийн эрүүл мэндтэй холбох үзэл баримтлал, монголчуудын угийн бичгийн түүх, уламжлал, гэр бүлийн хөгжил дэх байр суурь, өнөөгийн байдал ба шинэчлэлийн асуудал зэргийг хэлэлцсэн байна.
