Монгол хэл бичгийн шалгалтын дүнг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд өнөөдөр зарлалаа.
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад 83 374 шалгуулагч хамрагджээ. Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар 33 361 сурагч энэхүү шалгалтыг өгч байсан юм. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсноороо онцлог юм.
Мөн монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, тэнцсэн бол шалгалтын үр дүн оноо насан туршид нь хүчинтэй байхаар болгосон байна. Харин шалгалтын дүн оноотой санал нийлэхгүй байгаа бол тавдугаар сарын 9-13-нд БҮТ-д хандан өргөдөл гарган шалгалтын материалтай танилцах боломжтой юм.
Шалгалтын босго онооны болзол хангаагүй бол 12 дугаар сард дахин өгч болно. Хэдийгээр босго онооны болзол хангаагүй ч ЭШ-аа өгөх эрх нь нээлттэй гэдгийг БҮТ-өөс мэдээллээ.