“Алтай” чуулга Ч.Лодойдамбын нэрэмжит боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 59-р тогтоолоор тус аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгыг Монгол Улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит болголоо.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Түүхэн ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам зэрэг эрх зүйн баримтуудын холбогдох заалтыг үндэслэн уг шийдвэрийг гаргажээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын хаяг, албан хуудасны загварыг баталж, нэрэмжит болгосонтой холбоотой ажил үйлсийг иргэд олон нийт, хойч үеийнхэнд таниулж, гавьяат үйлсийг алдаршуулан ажиллахыг аймгийн Засаг даргад даалгажээ.
Саяхан болсон Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын 50 жилийн ойн баярын хурал дээр уг шийдвэрийг аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг уншиж чуулгын дарга Н.Энхбатад гардуулж өглөө.
Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамба 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.
Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.
Ч. Лодойдамба БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд «Алтайд» роман болон «Манай сургуулийнхан» туужаар, 1971 онд «Тунгалаг тамир» романаар хоёр удаа хүртсэн юм.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол