Л.Нямдаваа: Өвчтөн маань эдгээд та нартаа баярлалаа гэж хэлэх нь үнэхээр их урам өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-13 11:02:52

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг мэдээгүйжүүлгийн 3 эмч, 2 сувилагчтай, эрчимт эмчилгээний 2 эмч, 4 сувилагч, 4 туслах сувилагчтайгаар иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсож байна. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан тус тасгийн сувилагч Л.Нямдаваатай ярилцлаа.


-Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе. Сувилагч болох ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Баярлалаа. Миний хувьд анх зураг зурах сонирхолтой, дизайнер болохыг хүсдэг байсан. Манай бэр эгч сувилагч болохоор аав, ээж хоёр минь үлгэр жишээ авч намайг сувилагч болгохоор санал болгосон юм. Эгчийгээ хараад зөөлөн, хүнлэг сайхан мэргэжил шиг санагдаад 10 дугаар ангиасаа сувилагч болохоор шийдсэн.


-Оюутан болоод ч тус мэргэжлийг сонгосондоо эргэлзээгүй юу?

-Тийм ээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуульд суралцаж эхэлсэн эхний өдөртөө л зөв шийдвэр гаргасан гэдгээ мэдэрсэн. Цээжлэх зүйл их, байнга уншиж судлах ёстой учраас нойргүй хичээл хийдэг өдрүүд олон байсан. Гэсэн ч практик хичээлүүд маань маш сонирхолтой байсан тул энэхүү мэргэжлийг сонгохдоо эргэлзэж байгаагүй.


-Та Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм билээ. Тус эмнэлгийг сонгох болсон шалтгаан нь?

-Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэгт хамрагдсан юм. Тэтгэлгийн гэрээнд суралцаж төгсөөд тодорхой хугацаанд аймаг, сумынхаа эмнэлэгт ажиллах ёстой зүйл заалт бий. Суманд ажиллахаас илүү том газар ажиллаж үзэх хүсэлтэй байсан учраас Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар болсон.


-Гэрээний хугацаа дуусгавар болбол цаашид сурахаар төлөвлөж байна уу?

-Сувилагч мэргэжилд маш олон давуу тал бий. Түүний нэг нь Герман, Япон, Солонгос гэх мэт улсад ажиллаж, амьдрах, цаашлаад нарийвчлан мэргэших боломжтой байдаг. Миний хувьд магистр, доктор гээд сувилахуйн чиглэлээрээ хүрч болох хамгийн дээд оргил хүртэл нь суралцах бодолтой байна.


-Өдөрт дунджаар хэдэн хагалгаанд ордог вэ? Анх орж байсан хагалгааны үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

-Дунджаар 10 хагалгаанд ордог. Өөрөө маш их сонирхож байсан учраас айж сандраагүй. Харин ч бүр хагалгааны явц бүрийг харж, суралцах хүсэлтэй байсан.


-Таны хамгийн их айж байсан болон сэтгэлээс гардаггүй тийм хагалгаа байсан уу?

-Хамгийн их айж байсан хагалгаа гэвэл алсын дуудлагаар цасанд боогдсон газарт багаараа очиж хүндээр гэмтсэн хүнийг монгол гэрт шууд хагалгаанд оруулж байсан. Тухайн мөч нь цус маш ихээр алдаж, цус сэлбэх шаардлага үүссэн, өвчтөн шокийн байдалтай, хөдөлгөж, тээвэрлэх боломжгүй байсан. Гэсэн ч өвчтөний амийг аврах нь хамгийн чухал байсан учраас халдвар хамгааллын дэглэм байхгүй газар хэдий ч эмчийн удирдлага дор газар дээр нь хагалгааг амжилттай хийсэн. Тэгэхэд л ямар нэгэн зүйл буруугаар эргэхвий гэхээс маш их түгшиж, сандарч, айж байсан. Сэтгэлд үлдсэн хамгийн хүнд хагалгаа гэвэл нэг настай хүүхдийн хагалгаа байсан. Хагалгаа дуусах үед зүрх зогсож, эмч ар гэрт нь энэхүү харамсалтай мэдээг дуулгах хэрэгтэй болсон. Энэ үед багаараа эмчтэй хамт зогсож байхдаа ар гэрийнхнийг нь харж ч чадаагүй, толгойгоо бөхийлгөөд их уйлсан.


-Хамгийн урт хагалгаа хэдэн цаг үргэлжилж байсан бэ? Удаан хагалгааны дараах мэдрэмж ямар байдаг талаар хуваалцвал?

-Тасралтгүй 9 цаг үргэлжилж байсан хагалгаа бий. Хугацаанаас үл хамаараад хагалгааны дараа өвчтөн маань сэргээд, эдгэрээд эмнэлгээс гарах л сайхан байдаг.


-Сувилагч мэргэжлийг сонгосондоо харамсах үе байсан уу?

-Ажилд ороод эхний нэг жилд энэ мэргэжлийг сонгосондоо бага зэрэг харамссан. Хэл амаар доромжлоод байдаг эсвэл нэг тийм юу хүсээд байгаа нь мэдэгдэхгүй, захирангуй харилцаатай үйлчлүүлэгч нар их хэцүү. Ийм хандлага мэдрээд анх би бүүр шоконд ороод, болихыг хүсэж байсан үе их бий.


-Нарийн мэргэжлээрээ яагаад мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээг сонгосон бэ?

-Анх яаралтай тусламжийн сувилагч болохоор шийдсэн байсан. Тухайн үеийн ахлах сувилагч маань зөвлөснөөр шийдсэн.


-Сувилагчийн мэргэжлээр хамгийн түрүүнд тохиолддог саад бэрхшээл судас олох гэж сонсож байсан юм. Үүний талаар та ямар бодолтой байна вэ? Мөн тийм бэрхшээлтэй хүмүүст зөвлөх анагаах ухааны тусгай зөвлөмж байдаг болов уу?

-Үнэн. Бүр огт судас нь харагддаггүй, олддоггүй хүмүүс бий. Эдгээр хүмүүст дараагийн арга хэмжээг эмчтэй хамтарч байгаад хийдэг. Судас тэлэх эмчилгээ гэж байдаг түүнийг эмчийн зааврын дагуу хийж болдог.


-Орон нутагт ажиллаж байгаа сувилагчийн хувьд нийгмийн баталгаа ямар байдаг вэ?

-Манай гэр Бүрэн суманд байдаг учраас Зуунмод хотод би түрээсийн байранд амьдардаг. Түрээсийн үнэ өндөр, байр олдохгүй байдаг гээд асуудлууд их. Нийгмийн баталгаа хангалтгүй санагддаг.


-Сувилагчийн мэргэжлийн давуу тал болон сул талыг дурдвал?

-Давуу тал нь эмчийн туслах биш биеэ даасан шинжлэх ухаан болж хөгжсөн учраас нарийн мэргэжил эзэмшиж, суралцаж хөгжих боломж нээлттэй байдаг. Мэргэжил гэхээс илүү сувилагчаар ажиллахад нийгмийн баталгаа, цалин хөлс хангалтгүй санагддаг.


-Танд мэргэжлийнхээ талаар бусдад хэлж, ойлгуулахыг хүсдэг зүйл бий юу?

-Сувилагч мэргэжил бол хүнлэг, энэрэнгүй сайхан мэргэжил. Өвчтөн маань эдгээд та нартаа баярлалаа гэж хэлэх нь үнэхээр их урам өгдөг. Гадны улс оронд нэг эмчид нэг сувилагч байдаг бол манай улсад 3-5 эмчид нэг сувилагч байдаг. Нэг сувилагч өдөрт 30-40 үйлчлүүлэгчтэй харилцах шаардлагатай болдог. Мэдээгүйжүүлгийн сувилагч нарыг өвчтнөө унтуулчихаад зүгээр сууж байдаг гэж боддог хүмүүс их юм билээ. Бид амин үзүүлэлтийг байнга хянаж, мэс заслын багийг амжилттайгаар хагалгаагаа дуусгахад нь тусалдаг. Амарч байх үед яаралтай дуудагдвал 20 минутын дотор ирсэн байх шаардлагатай гээд бидний ажил амаргүй. Гэсэн ч хүнд туслаад эргээд талархлын үгийг нь сонсоход л сэтгэл санаа гоё болоод явчихдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

Related news