Риогийн олимпийн медальтнууд өнөөдөр мөнгөн шагналаа хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-11-03 11:09:47

“Рио 2016” олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн шагналыг өнөөдөр олгохоор болжээ.

Хүн төрөлхтөний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадам  өнгөрсөн наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразил улсын Рио Де Жанейро хотноо болсон билээ. Уг наадамд манай улсын баг тамирчид амжилттай оролцож тус бүр нэг мөнгө /жүдо/, хүрэл /бокс/ медаль хүртсэн бол паралимпийн тамирчид хоёр хүрэл медаль /жүдо, пауэрлифтин/ хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Тодруулбал, өнөөдөр 12 цагт Төрийн ордны "Ёслол хүндэтгэлийн А" танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай болон паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нарт мөнгөн шагналыг олгоно.

Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөгийг нэг удаа олгоно. Харин дасгалжуулагч энэ мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заасан юм.

Д.Өлзий  

Related news