Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-23 15:14:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төслүүдийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулав. Өнгөрөгч есдүгээр сарын нэгний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслүүдийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсан гэдгийг тэрбээр онцолж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөгдсөнийг танилцуулсан юм.


Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөлд, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжих төсөлд зарцуулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга дурдаж, төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, үнэлж эрэмбэлсэн болон шалгуур үзүүлэлтийг сайжруулснаар нийт тоо хэмжээг хоёр дахин бууруулаад байгааг илтгэв.


Байнгын хорооны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлэв. Олон нийтийн дунд түгсэн мэдээллээр 831 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр дутагдаж байгаа асуудал яригдаж буйг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дурдаж, үүнийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг танах замаар гаргах уу, хөрөнгө оруулалтыг бууруулах аргаар гаргах уу гэсэн асуулт тавьсан юм.


Үүнд сайд С.Бямбацогт хариулахдаа, Засгийн газрын гишүүд эмч, багш нар, ахмадын төлөөлөлтэй уулзаж тодорхой тохиролцоонд хүрч байгааг мэдээлж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын аль алинаас нь хасах, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь гэсэн хязгаарыг өөрчлөх, мөн Тавантолгойн бүлэг ордын ашиглалтыг эрчимжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон хувилбарыг ярилцаж буйг дэмжиж шийдвэрлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.


Мөн Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын асуусан эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх болон инфляцийн түвшин ямар байх тухай асуултад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс багш нарын цалинг 20 хувь, долдугаар сарын нэгнээс 10 хувь нэмэгдүүлэхээр, мөн инфляцын түвшинг өнөөгийн бодит хэмжээ буюу 8.0 хувиар тооцсон тухай мэдээлсэн юм.


Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй 53 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтыг зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, байнгын хорооны санал дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Related news