Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитораар С.Магнайсүрэнг томилсон. Тэрбээр тамгаа өнөөдөр хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ерөнхий аудиторыг томилж, чөлөөлсөнтэй холбоотой УИХ-ын тогтоолыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн аудитын байгууллагын удирдлагууд, нийт албан хаагчдад уншиж танилцуулжээ. Түүнчлэн С.Магнайсүрэнгийн эрхэлсэн ажил, албан тушаалын туршлагыг танилцуулж, тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сарын хугацаатай ажилласан Төрийн албаны тухай болон Төрийн аудитын тухай хуульд заасан нийтлэг, тусгай шаардлагыг бүрэн хангасан гэдгийг тодотгосон байна. Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, гишүүдээс Ерөнхий аудитор болон Төрийн аудитын байгууллага, албан хаагчдад хандан төрийн аудитыг хэрэгжүүлэхтэй холбоотой хэлсэн санал, зөвлөмжийг мөн энэ үеэр уламжлав.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджав тамга, албаны бичиг баримтыг хүлээлгэн өгөхдөө, “Төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн та баг, хамт олныхоо хамт амжилттай хэрэгжүүлэхийг ерөөж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье” гэлээ.
Харин Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Төрийн аудитын байгууллага нь ил тод, нээлттэй ажиллах зарчмыг хангаж, мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж ажиллана. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмээ баримталж, алба хаагчид төрийн албаны залгамж чанарыг хадгалан үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаарай” хэмээжээ.
Үүнээс гадна аудит хийх явцад илэрсэн хууль тогтоомжоос давсан дүрэм журмуудыг нэгтгэж, парламентад танилцуулах тул энэ талаарх нэгдсэн мэдээлэл гаргахыг Санхүү болон Гүйцэтгэл нийцлийн аудитын газруудад үүрэг болгов. Мөн Монгол Улсын эдийн засаг өсөж, төсөв тэлж байгаа энэ үед одоо байгаа хүний нөөцдөө тулгуурлан төрийн аудитын байгууллагын зорилт, бодлогоо хангах зохион байгуулалт, чиг үүргээ тодорхойлж ажиллах саналыг албан хаагч бүрээс авч, танилцуулахыг даалгажээ.