Бутаны Хаант Улстай бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх боломжтойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-08 09:14:30

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бутаны Хаант Улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо өчигдөр зохион байгууллаа.


Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Бутаны талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Пема Чоден нар тэргүүлэв.


Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улс, Бутаны Хаант Улс нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлага, сайн жишээгээ харилцан хуваалцах замаар бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэж, цаашид эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.


Төрийн нарийн бичгийн дарга Пема Чоден Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааны үндэс суурийг бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглээд, төрийн тэргүүн нарын хэлэлцэж тохирсон санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд хоёр тал хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.


Талууд энэ удаагийн анхдугаар зөвлөлдөх уулзалт нь Монгол, Бутаны найрсаг, ойр дотно харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болсныг онцолж, цаашид хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг уламжлал болгон тогтмол зохион байгуулахаар санал нэгдэв.


 

Related news