БАЯНХОНГОР: Салхины хурд 28 м/с хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-14 17:31:26

Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд түр зуурын бороо, цас орж, салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байхыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.


Тодруулбал, энэ сарын 15, 17, 18-нд нутгийн зарим газраар бороо, цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17, 18-нд Алтайн салбар уулс, говийн нутгаар 12-16 м/с, зарим үед 20-28 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна.


Агаарын температур 15, 16, 20-нд бага зэрэг сэрүүн, бусад хугацаанд дулаарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө +2 +7 градус, өдөртөө +16 +21 градус дулаан байна. Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө +5 +10 градус, өдөртөө +18 +23 градус, говийн нутгаар шөнөдөө +11 +16 градус, өдөртөө +25 +30 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө +18 +23 градус, өдөртөө +28 +33 градус дулаан байх төлөвтэй байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.

Related news