ОРХОН: Хяналт шалгалтаар 26 эмийн сан ”маш хангалтгүй” үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-15 12:32:42
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн баталсан удирдамжийн дагуу эмийг сангуудад хяналт шалгалт хийжээ.

Аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын газрын хамтарсан гурван баг Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 74 эмийн санд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулахтай холбоотой хууль, тогтоомж, журам, тушаал, стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын дүнг эмийн сангийн эрхлэгч нарт танилцуулж, шийдвэрлэх асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын саналыг харилцан ярилцлаа. Хяналтаар эмийн сангуудаас хуурамч жор ашиглан сэтгэцэд нөлөөт эмийг олон тоогоор худалдан авах, энэ төрлийн бүртгэл, тайлан, эмийн сангуудад мөрдөгдөх журам, стандартуудын хэрэгжилт хангалтгүй, эмийн сангийн удирдлага, эм зүйч, эм найруулагч нарын хоорондын мэдээлэл солилцох байдал сул зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрсэн тул эмийн сангийн эрхлэгч нарт хууль эрх зүйн мэдээллийг өгсөн байна.  


Мөн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар харилцан ярилцсан бөгөөд донтолт нь нэг төрлийн өвчин тул дагнасан эмнэлэг байгуулах шаардлагатай байгаа талаар эмийн сангийн эрхлэгч нараас санал уламжиллаа. Уг хяналт шалгалтаар зургаан эмийн сан “хангалттай сайн” үнэлэгдсэн бол 26 эмийн сан” маш хангалтгүй” үнэлгээ авсан байна. 


Related news