БАЯНХОНГОР: Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-15 14:00:51

Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг" ТББ-тай хамтран мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.


Тодруулбал, Энэ сарын 15-ны өдөр ГИДЦГ-ын А хэсгийн УТХГН-ийн хамгаалалтын бүсэд орших Баруунтооройн баянбүрдэд 10 настай, 100 кг орчим жинтэй, нэг бодгаль эр мазаалай (шармаахай)-д сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүсэн байна. 


Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээллийг дамжуулан тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөнийг тандан судлахаас гадна бичлэг хийх боломжтой гэдгээрээ давуу талтай.


Баруунтооройн баянбүрд нь Монгол Улсын хилээс ердөө 40 орчим км зайд орших томоохон баянбүрдүүдийн нэг юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар эхлүүлсэн “Үндэсний бахархалт амьтан - Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил”-ын хүрээнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар өнгөрөгч саруудад 26 цэгт байрлах 43 тэжээлийн саванд 3440 кг нэмэлт тэжээлийг хүргэж, биотехникийн арга хэмжээ авч 18 тн тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна.  


Анх 1985 оноос эхлэн мазаалайд нэмэлт тэжээл тавьж эхэлжээ.


Мазаалай нь говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож амьдарсаар ирсэн, баавгайн бусад зүйлээсээ амьдралын өвөрмөц хэв маяг болоод экологийн орчин нөхцөлөөрөө ялгардаг, Монгол орны нэн ховор амьтан юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлс, байгалийн нөөцийн хомсдол зэрэг олон хүчин зүйл тухайн зүйл популяцид ноцтой аюул учруулж байна. Үр дүнтэй хамгааллын арга хэрэгжүүлэх нь энэ ховор зүйлийг хадгалж, хамгаалж авч үлдэхэд чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд ярилаа.



Related news