ОРХОН: Гэр бүлийн өдрөөр Эрдэнэт үйлдвэрийн таван хос хуримаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Гэр бүлийн ордон, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран уурхайчдын хуримын ёслолыг Дэлхийн гэр бүлийн өдөр зохион байгууллаа.
Энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн таван хос нэгэн зэрэг хуримлаж, ураг төрөл, уурхайчин хамт олныхоо бахархал хүндэтгэлийг хүлээж, ерөөл хүртсэн юм. Тэдний гурав нь амьдралын урт замд 15-25 жил биесээ түшин ханилсны баяраа тэмдэглэж, мөнгөн хуримаа хийсэн бол хоёр нь анх өрх тусгаарлан гал голомтоо бадрааж буй хос байв.
Засвар механикийн заводын токарьчин Б.Дамбаренчин, лаборант Э.Увидас болон Дулааны цахилгаан станцын машинч Б.Зоригт, Чанар хяналтын хэлтсийн химийн шинжилгээний лаборант Э.Хишигням, мөн Засвар угсралтын цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Э.Оюунболд, Засвар механикийн заводын голч бэлтгэгч Б.Оюунцэцэг нар мөнгөн хуримаа Гэр бүлийн ордонд хийлээ. Харин Авто тээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн БелАЗ-ын жолооч Э.Алтангэрэл, эрх зүйч Б.Мөнхсайхан болон Аж ахуй, үйлчилгээний цехийн сантехникийн засварчин Е.Эрдэнэбулган, багш О.Эрдэнэцэцэг нар хайр мөрөөдлөөрөө жигүүрлэн хамтын амьдралаа ийнхүү эхлүүлж байна.
Уурхайчин гэр бүлүүдийн хуримыг ёслон батлах хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат оролцож баяр хүргэсэн юм. Тэрбээр Эрдэнэт үйлдвэр шинээр гал голомтоо бадрааж буй ажилчдадаа, мөн шинээр хүүхэд төрүүлэхэд, гэртээ хүүхдээ асрах үед нь мөнгөн дэмжлэг үзүүлдгээс гадна хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд, урлаг, спортын секц дугуйланд хамрагдах бүхий л боломжоор ханган ажилладаг, гэр бүлд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого, дэмжлэгийн талаар танилцууллаа.