ЗАВХАН: Завхан голын 80-100 метрийн өндөр эгц эрэг хүн бүрийн сонирхлыг татдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-18 18:32:00

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын төвийн урдуур урсах Завхан голын эрэг очсон хүн бүрийн сонирхлыг татдаг.


Завхан гол нь сумын төвийн урдуур үргэлжлэн урсахдаа, урдуураа Их Монголын элс, хөвөөгөөрөө чацарганын мод бүхий Хар бутны шугуй, Хандын эрэг хэмээх эгц цавчим өндөр эргийг тулж урсдаг өвөрмөц тогтоцтой.


Завхан голын Хандын эрэг нь Дөрвөлжин сумын зүүн урд зүгт байрлах Зүр хайрхан уулаас сумын төвийн баруун урд орших Буга хайрхан уул хүртэл 30 орчим км үргэлжилдэг 80-100 метр гаруй эгц өндөр сүрлэг эрэг юм.


Сумын төвийн зүүн урд хэсгээр Хандын эрэг нь эгц цавчим, баруун тийш аажим налуу олон нугалаа, агуй, гуу жалга бүхий сунаж Завхан голыг хашиж тогтсон нь сонин. Тус суманд зорин очсон хүн бүрийн сонирхлыг татан сүндэрлэх Хандын эрэг нь байгаль ээжийн гайхамшигт урлал юм.


Энэ “Эрэг”-ийн домог хууч сонирхолтой. Эрт үед энэхүү эгц цавчим өндөр эргийн хавиар нэг ч хүн амьтангүй байж, харин Буга хайрхан ууланд аминдаа цөөн малтай Ханд эмээ олон жил энх тунх аж төрж байснаас үүдэн Хандын эрэг гэх болсон гэдэг. Ханд эмээ явуулын, эрлийн олон хүнийг тухлуулж ундаалдаг байснаас үүдэн “Хандын эрэг” хэмээн нэрлэдэг болсон тухай нутгийнхан одоо ч ярьдаг.


Сонирхолтой түүхтэй, үзэсгэлэнт байгаль, сонин содон тогтоц бүхий Дөрвөлжин сумын нутагт орших Завхан гол, Их Монголын элс нь аялагчдын заавал очиж үзэх газруудын нэг бөгөөд Хандын эргийг зорин очоод бүгдийг нэг дороос үзэх боломжтой юм.   


Завхан, Говь-Алтай аймгийн нутгийг дамнан орших 300 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм.


Энэхүү элсэн хуримтлал нь бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг, манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүдийг агуулдаг. Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун хойноос зүүн урагш үргэлжлэн тогтсон. Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг нуур тогтсон байдаг. Өөрөөр хэлбэл, гол-нуур-элс гэсэн байгалийн үзэсгэлэнт байдал, экосистемийн өвөрмөц хослолыг бий болгосон нутаг юм.


Хандын эрэг, Монгол элсийг үзэхийг хүсвэл Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сум руу 1150 орчим км замыг туулна. Үүний 1000 орчим км замыг хатуу хучилттай авто замаар туулах боломжтой.


Аялагч, жуулчдад зориулсан амралтын газар, жуулчны бааз цөөхөн хэдий ч үзэх газраа үзээд цаг агаар нь дулаан учир майхантай аялж болох юм. Мөн сумын төвийн буудалд хүрч тухалж болох юм. Монгол элс, Завхан голыг зоригсод сүүлийн жилүүдэд Хандын эрэгтэй хэсгээр аялж зугаалдаг болсон. Зургаадугаар сараас эхлэн Завхан голын дагуу аялагчид их отоглодог тухай Дөрвөлжин сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч мэдээлэв. 


Дөрвөлжин сум Хандын эрэг


Завхан гол, Буга Хайрхан уул


Завхан гол, Хандын эрэг доорх тэмээн сүрэг

Related news