Д.Оюун-Эрдэнэ: Банкны салбар хүнийг ёс зүйтэй, хариуцлагатай, зөв харилцаа хандлагатай болгодог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Голомт банкны захирал
Д.Оюун-эрдэнэтэй ярилцлаа.
-Сайн байна уу, танд болон
танай хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. Танай банк өнөөдөр ямар
бүтээгдэхүүн үйлчилгээг иргэддээ хүргэж байна вэ?
-Баярлалаа,
Танд ч гэсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 2024 онд бид Монгол Улсад банкны
систем үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойгоо Сэлэнгэ сайхан нутагтаа өргөн
дэлгэр олон олон сайхан ажлын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин энэ жилийн
хувьд манай Голомт банк үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жил, Голомт банкны
Сэлэнгэ салбар байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаад баяртай байна. Бид 30
жилийн ойгоо угтаад харилцагч нартаа зориулсан аян, хөтөлбөр, олон сайхан
ажлуудыг хийж байна.
Үүнд
бид "Universe картыг албан ёсоор зах зээлд нэвтрүүлж эхэллээ. Мөн картуудаа шинэчлэх, өнгө үзэмжийг
нь өөрчлөх, цаашлаад бяцхан хөөрхөн үрсүүддээ зориулсан Колор картуудаа
шинэчлэн 50 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэн ажиллаж байна. Мөн 0-18 насны хүүхэд
багачуудад зориулсан Алтантүлхүүр хүүхдийн хадгаламжийн нөхцөл илүү таатай
болсон. Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа амжилттай
өргөжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилгоор бид Менторшип хөтөлбөрийг 2022 оноос
хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр маань Менторшип-2025 гээд үргэлжилж байгаа.
Түүнчлэн
“Хадгаламжтай аялал” аян өрнөж байна. Энэ мэтчилэн олон сайхан ажил,
бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагч нартаа хүргэн ажиллаж байгаадаа баяртай
байна.
-Өөрөө банкны салбарт олон
жил ажиллаж байгаа хүний нэг. Банкир хүний ажлын гол онцлог, тэр дундаа удирдах
албан тушаалд ажиллахад баримтлах
зарчим юу байдаг юм бол?
-За,
Миний хувьд банкны салбарт нийтдээ 32 жил тасралтгүй ажиллаж байна. Банкир
хүний хувьд ажлын онцлог гэвэл ажилдаа дуртай, тэр дундаа удирдагч хүний гол
баримтлах зарчим гэвэл үнэнч шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, цаг
баримтладаг, ажилтнуудыгаа ойлгодог, нэг эхэлсэн ажлынхаа ард заавал гарч байж
санаа амардаг гэх үү дээ.
-Мэдээж салбар бүр л өөр
өөрийн онцлогтой. Банкны салбарт удаан ажиллахад өөртөө хуримтлуулсан туршлага
болоод бусдад үлгэрлэх ямар давуу чанарт суралцдаг вэ?
-Тийм
ээ, Банкны салбар хүнийг ёс зүйтэй, хариуцлагатай, зөв харилцаа хандлагатай
болгож хүмүүжүүлдэг гэж хардаг. Банк гэхээр л хамгийн түрүүнд мөнгөтэй харьцдаг
болохоор ч тэр үү банкны ажилтан болсон цагаасаа л эхлээд ёс зүйтэй, тэвчээр
хатуужилтай, хариуцлагатай, тэр дундаа хамгийн гол нь харилцагчийнхаа мэдээ
мэдээллийн нууцлалыг чанд хадгалах гээд л олон онцлог шинжүүд байдаг. Миний
хувьд цаг баримтладаг, их зарчимч, үнэнч шударга зан чанарыг л их эрхэмлэж
ажилладаг даа. Банкандаа ажилласан он жилүүдийн хувьд ажилласан бүхий л
хугацаандаа өөрийн хуримтлуулсан дадлага, туршлагаасаа олон банкируудыг
өөрийнхөө хэмжээнд зааж сургах, бусдад үлгэрлэн ажиллаж ирсэн.
-Анхан шатнаас нь удирдах
албан тушаалтан болтол тогтвор суурьшилтай банкны салбарт ажиллах бол ховор
тохиолдол байх. Өөрийн тань
овог Далантай, гэвч түмэн олон банкны Оюун-Эрдэнэ гэдэг?
-Одоо эргээд харахад ихэнх банкируудын түүхэн замнал нь ялангуяа банкны салбарын хүмүүс ихэнхдээ теллерээр ажилд ордог. Дээр үед буюу намайг орох үед мөнгө тоолдог ажилтныг буюу одооны яриагаар бол теллерийг кассын нярав гэдэг байлаа. Би яг л тэр замналаар, тэр дамжлагыг л туулж ирсэн. Тойрч гараагүй шүү.
Хүн хийж буй ажилдаа дуртай байх, үнэнч
шударга, сэтгэлээсээ, хариуцлагатай л байвал бүх зүйл болоод л ирдэг гэж боддог
юм. Сэтгэл шингээж хийсэн ажил амттай байж, дараа дараагийн албан тушаал ахих
тусам хариуцлага дагаад нэмэгддэг гэж хардаг даа.
-Өөрөө удам залгасан
банкир. Таны ээж социалист нийгмийн үеэс зах зээлд шилжих үе хүртэл олон жил
банкны удирдах албанд байсан хүн. Ээжээсээ хэр суралцав. Танд хэрхэн захиж
зөвлөдөг вэ?
-Тийм ээ, ээж маань л жинхэнэ банкир хүн байлаа. Би ээжтэйгээ ажиллаж байсан. Мөн миний хувьд одоо үетэйгээ буюу охинтойгоо хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байна. Миний охин банкны салбарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Тийм болохоор удам залгасан банкир гэх үү дээ. 3 үеийн банкир гээд 2024 онд банкны 100 жилийн ойгоор бид 3 зургаа татуулж байлаа.
Ээж
маань биднийг жаахан, сургуульд байхад л гэртээ ирээд хүүхдүүдээ унтуулаад л
шөнөжин тооны машин тачигнуулаад л хэдэн хуудас юм цохидог байсан. Тооны машин
нь тогоор залгаж ажилладаг байлаа. Мөн сампин хэрэглэдэг үе байв. Тэр үед тооны
машин дөнгөж гарч байсан. Энэ нь нэг шатлалт банкны тогтолцооны үе шүү дээ. Тэр
үед бол банкны ажилтан хүн үнэхээрийн ажил ихтэй байлаа. Ялангуяа он солигдох
мөчид ээж маань ажил дээрээ л хонодог үе байлаа шүү дээ.
-Яаж яваад банкны ажилтан
болчхов. Багаасаа банкны ажилтан болно гэж бодож байв уу, түүхээ хуваалцахгүй
юу?
-Миний
хувьд гэвэл анх банканд орно гэж бодоогүй явсан. Нэг өдөр ээжийн ажил нь
болохгүй болсон бололтой. Тэр үед чинь компьютер, сүлжээ гэж байдаггүй байсан.
Ганц л банктай. Сэлэнгэ аймаг дахь банкны контор гэж байв. Сэлэнгэ аймаг маань
21 сумдтай. Ээж маань тэр үед мөнгөн эргэлтийн эдийн засагчаар ажиллаж байсан
үе. Бүх сумдаас сар, улирлын эцэст тайлан балансыг нь утсаар авдаг. Авсан
тайлангаа нэгтгээд бичээчээрээ шивүүлээд, даргаараа батлуулаад төв банк руугаа
Улаанбаатар хотын вагонд буюу шууданд өгөөд явуулдаг байсан үе. Тиймээс л тэр
тайлангаа хийх гэсэн бичээч нь тэр үед өвдөж таараад арга буюу намайг ээж минь
гуйгаад миний охин ээжийнхээ ажилд туслаач, манай бичээч өвчтэй болчихлоо
гэсэн. Улирлын эцэс болчихсон, амь наана, там цаана гэхчээр тулгамдаад л намайг
гуйсан юм билээ. Би ч тэр жил 10-р ангиа төгсчихсөн яг л гэртээ амарч таарсан
зун. Ингээд л 1991 оны 7 сарын 1-нд Банк гэх их айлд хөл тавьж байлаа.
Тэр
үедээ бол түр ээжийнхээ гуйлтаар ажилласан юм. Гэтэл цаашид ажиллах талаар
тухайн үед Сэлэнгэ банкны конторын даргаар ажиллаж байсан О.Базарбат дарга
надад санал болгосноор банканд ажиллах гараагаа тавьж байлаа. /Базарбат дарга
цаанаа тухайн үед орлогч даргаар ажиллаж байсан Жижигзургаа захиралтай ярихдаа
энэ охин эхийгээ дуурайсан ажилд сайн нөхөр байна гэж ярих нь сонсогдож байсан/
Ээж маань намайг банканд ажиллахад их нөлөөлсөн. Тэр үед ээжтэйгээ хамт ажиллаж
байлаа. Дотор нь ороод ажиллалаад ирэхээр тэр сайхан банкны үйлчилгээ, харилцаа
хандлага гээд ах, эгч нараасаа сурах юм их байлаа. Ганц банкны тогтолцооны үед
би ажлын гараагаа эхэлж байлаа.
1991
оноос 2 тогтолцоот банкны системд хөл нийлүүлэн алхсан даа. 1991 оны 9-р сарын
1-нээс Арилжааны банк болох Ардын банк гэж салахад ээж маань Монгол банкандаа
хянан шалгагчаар үлдэж, би Ардын банканд орж байлаа. Ээж маань тэр үед
арилжааны банкуудыг шалгадаг хянан шалгагч байв. Би өөрөө ч шалгуулж байсан
удаатай. Ээж минь тухайн үедээ Монгол банкнаас арилжааны банкуудыг шалгаж
хяналт тавьж байсан. Ээж маань тухайн үедээ арилжааны банкуудыг чичрүүлдэг
байлаа шүү дээ /инээв/. Би ч хүртэл ээжээсээ айдаг байсан. Гэртээ бол ээжээсээ
эмээхгүй юм байж ажлаа шалгуулах болохоороо л айдаг л байлаа. Монгол банкны
шалгалт гэхээр мөн ээжийг шалгалтаар ирлээ гээд л банкны ажилтнууд, захирлууд
тэрүүхэндээ айна, эмээнэ ээ. Манай ээж ч тэгээд охин байна уу, хэн байна
хамаагүй шударгаар шалгаж, үнэлж, дүгнэж заавар зөвлөгөө өгдөг, арга хэмжээний
Мэдэгдэл хүртэл ээжээсээ авч байсан удаатай.
Ээжийнхээ
тэр ажлын төлөө чин сэтгэлээсээ үнэнч, шударга, ёс зүйтэй хандлагыг л сурсан
даа. Хамт ажиллаж байсан ажлын эгч нар маань намайг яс Оюун-Эрдэнэ гэдэг
байлаа. За даа Оюун-Эрдэнийн хийсэн ажлыг шалгаад яах вэ дээ ч гэх мэт ярьдаг
байсан.
-Олон арилжааны банкууд
өрсөлдөж байгаа энэ үед танай банк чамлахаагүй амжилттай ажиллаж байна. Энэ
талаараа сонирхуулахгүй юу?
-Манай
банк сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж байгаагийн дээр ТОП 5 банкны 2-т эрэмбэлэгдэж байна. Мөн Голомт банк
2024 оны ашигт ажиллагаагаараа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан буюу цэвэр
ашгийг 406,7 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлтийг үзүүллээ. Манай банк нийгэм
рүүгээ чиглэсэн олон сайхан ажлуудыг амжилттай гүйцэтгэж, Голомт банкны үйл
ажиллагаа өргөжин тэлж салбар нэгжээ нэмэгдүүлж байна.
Сэлэнгэ
салбарын хувьд мөн адил үйл ажиллагаа өргөжиж, Мандал суманд Зүүнхараа Тооцооны төвийг
Харилцагч төвтэй нээж банкны цогц үйлчилгээг ард иргэдэд хүргэж байгаа баяртай
мэдээг дуулгахад таатай байна.
-Ажлаасаа халшрах үе гарч
байв уу. Банкны ажил цаг наргүй, амралт чөлөөт цаг гардаггүй гэж ярьдаг?
-Миний
хувьд шантрах, халшрах үе байлгүй яахав. Банкны ажил бас л чанга шүү дээ. Би 3
хүүхэд төрүүлэхдээ дандаа л 2-3 сартайд нь ажлаасаа дуудагдаад л орж байсан.
Нэг жил ч сууж үзээгүй юм билээ. Үнэхээрийн их ачаалалтай үе байсан шүү.
1991-1995 оны үед ажиллахад бүхий л баланс тайлан, байгууллагуудын хуулгуудыг
гараар бичдэг байлаа. Мөн хадгаламж эзэмшигч нарын тоогоор карттай. Тэрийгээ
сарын эцэст тооны машинаар хүүгээ боддог. Тэгээд л тааруулах гээд тооны машин
цохиж өгнө дөө. Компьютер байхгүй. Төв банкандаа нэг л компьютертай. Тэр нь
тухайн үед опериатор нягтлан бодогч л өдрийнхөө тайлан балансаа шивдэг байлаа.
Шинэ жилээр байнга ажил дээрээ хонодог.
Тайлан
балансаа тааруулж өгсөн нь л харьдаг байлаа ш дээ. Тэр дундаа сумдын хэдэн
эрхлэгч нар бол хөөрхий банкан дээр л хонодог байлаа. Банкны ажилтан хүн
ажилдаа л хянамгай байхгүй бол бас хэцүү. Өөрөөс шалтгаалахгүйгээр бусад
ажилтнаас шалтгаалсан алдаа зөрчил, хайнга байдал, ашиглангийн шинжтэй
асуудлууд ч гарч байсан. Тэр болгонд сайхан байхгүй шүү дээ. Шантрах үе байна.
Мөн цаг наргүй ажиллана. Тэр байтугай өглөө 6 цагт ажлаасаа тараад буцаад 8
цагт ажилдаа ирж байсан цаг үе хүртэл байсан даа.
-Ажилчдаа болон өөрийгөө
хэр хөгжүүлж байна. Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд хэр анхаарч байна?
-Ажилтнууддаа
сургалтыг болон мэдээ мэдээллийг тухай бүр хамтдаа ярилцаж, хамтдаа сурч хөгжиж
байгаа. Манай банк чинь сургалтын академитай. Академи руугаа ороод л дуртай
сургалтаа үзэх боломжтой болсон. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг аль болох
шийдвэрлэж өгөх талаас нь хамтарч ажилладаг. Ажилтнуудтайгаа нээлттэй ярилцдаг,
ажилтнуудаа сонсдог. Мөн шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч ажиллахыг
хичээж, бодож явдаг даа.
-Танай банкны зүгээс
Сэлэнгэ аймагтаа зориулаад нийгмийн хариуцлагын хүрээндээ ямар ажлуудыг хийж
хэрэгжүүлж байна вэ?
-Бид
2023, 2024 онуудад Голомт банкнаас Тэтгэврийн харилцагч нэмэгдүүлэх "Тэгш
Дүүрэн" аяныг Сэлэнгэ аймгийнхаа Нийгмийн даатгалын хэлтэс, Ахмадын хороо,
Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-р багуудтай хамтран ажилласан. Үүнийг
бид баг хамт олноороо амжилттай зохион байгуулан ажилласны үр дүнд нийт 1,329
харилцагчтай болж, 1,129 харилцагчийг шинээр татаж чадсан.
Мөн
ЕБС-иудын ахлах ангиуд, МСҮТ, ХЦ-ийн 0101-р ангитай хамтран оюутнуудын дундах
эрдэм шинжилгээний хуралд "Санхүүгийн Боловсрол"-ыг дэмжигч уриан
доор Голомт банк 2023, 2024 онуудад хамтарч ажилласан. Түүнчлэн 2022 онд орон
нутгийн хөгжлийг дэмжих, аймгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулах, бизнес
эрхлэгч иргэдэд Санхүүгийн боловсрол олгох зорилгоор Нээлттэй уулзалт,
хэлэлцүүлэг харилцагчийн арга хэмжээг мөн амжилттай зохион байгуулсан. Сэлэнгэ
аймаг болон сумдын бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгж, байгууллагад
шаардлагатай банкны бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд манай баг
хамт олон газар дээр нь хүрч үйлчлэн, уулзалт, борлуулалтыг хийж ажиллаж
байгаа.
-Цаг зав гарган ярилцсанд
баярлалаа.
