СЭЛЭНГЭ: Залуу эмч Т.Дуламсүрэнгийн хийсэн судалгааны бүтээл тэргүүн байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-23 12:06:40

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас зохион байгуулсан “Салбарын хөгжилд-Бидний манлайлал” онол, практикийн бага хуралд аймгийн төр, хувийн хэвшлийн 16 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн судалгаа нийтлэлүүдээ танилцууллаа.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор болсон энэхүү онол, практикийн бага хуралд залуу эмч Т.Дуламсүрэнгийн тавьсан “Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинжийн үеийн амьдралын чанарт нөлөөлөх зүү эмчилгээний үр дүн” илтгэл тэргүүн байрт шалгарчээ.

 

Энэхүү үйл ажиллагаа нь “Чадварлаг эмч, Чадварлаг-Сувилагч, Чадварлаг-Эмнэлгийн мэргэжилтэн”-ий сайн туршлага, мэдлэгийг бусдад түгээн дэлгэрүүлэх, улмаар нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх үндсэн зорилготой юм.

 

Тэргүүн байрт шалгарсан нийтлэлийн судалгааны ажлын удирдагчаар, анагаах ухааны доктор, дэд профессор, Б.Лагшмаа, Зөвлөх анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Энхцэцэг нар ажилласан байна.

 

Судлаач, илтгэгч нь “Асгатын дов” эмнэлгийн захирал, анагаах ухааны магистр, Уламжлалтын их эмч Т.Дуламсүрэн байв.

 

Дэд байрт шалгаран бүтээлийн эзэн нь Мандал сумын “Хэрх” ЭМТ-ийн Нүүр амны их эмч Б.Намуунбайгаль “Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023-2025 оны ажлын үр дүн” сэдэвт судалгаа байлаа.

 

Судалгааны ажлын удирдагчаар ЭМБУ-ын магистр, НЭМ-ийн доктрант, Урологи андрологийн эмч, Хэрх тосгоны ЭМТ-ийн дарга  О.Анар ажилласан байна.

 

Гутгаар байрт шалгарсан судалгааны судлаач, илтгэгч нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн их эмч Б.Элбэгзаяа “Шээс, БЗДХ-ын шинжилгээний хариунд дүн шинжилгээ хийх нь” сэдэвт судалгаа байв.

 

Судалгааны ажлын зөвлөхөөр Мандах Их сургуулийн ЭЗБУ тэнхимийн багш  Б.Золзаяа ажиллажээ.

 

Дээрх судлаач, илтгэгчдийн шагналыг анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Н.Сүмбэрзул, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ж.Од, Монгол Улсын хүний гавьяат эмч, “Энэрэлт үйлс” эмнэлгийн захирал С.Сарантуяа, АУ-ны доктор профессор П.Цэдэн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Эрүүл мэнд, спортын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Санаа-Амар нар гардуулан өглөө.

 

Ийнхүү эмч, эмнэлгийн ажилтнууд шинэ санаа, шинэлэг мэдээ мэдээлэл, онолын мэдлэг туршлагаа хамтдаа солилцож, олж авсан мэдлэг туршлагаараа өрсөлдлөө. 


Related news