ОРХОН: Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд 297 тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-24 19:04:17

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын нээлт энэ сарын 26-нд  Улаанбаатар хотод болно.


Энэ сарын 23-нд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар наадамд оролцох баг тамирчдад амжилт хүсэж, хувцас хэрэглэл гардууллаа. 


“Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор зохион байгуулж буй энэ удаагийн наадамд тус аймгаас 297 тамирчин, 57 багш дасгалжуулагчийн хамтаар чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таеквондо зэрэг 30 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорино. 


Орхон аймаг, Эрдэнэт хотод спортын 16 төрлөөр өсвөрийн 196 тамирчин тогтмол хичээллэдэг. Тэдгээр тамирчдынхаа амжилтыг ахиулах, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангахад орон нутгийн төсвөөс жил бүр санхүүжилт олгон дэмждэг.  Тухайлбал, 2025 онд өсвөрийн шигшээ багийн тамирчдын зардалд 77,2 сая, энэ удаагийн VIII их наадамд оролцох нийт багт тамирчдын зардалд 167,5 сая төгрөгийн зардлыг тус тус шийдвэрлэсэн. 


Монголын хүүхдийн спортын зуны наадамд Орхон аймгийн баг тамирчдын гаргасан амжилтыг дурдвал: 
-2015 онд зохион байгуулсан Монголын хүүхдийн спортын зуны V наадамд спортын 20 төрлөөр 200 тамирчин оролцож, 21 аймгийн дүнгээр 2-р байр, 
-2019 онд зохион байгуулсан Монголын хүүхдийн спортын зуны VI наадамд  спортын 18 төрөлд 243 тамирчин оролцож, 21 аймгийн дүнгээр 2-р байр, 
-2023 онд зохион байгуулсан Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд спортын 20 төрөлд 217 тамирчин оролцож, 21 аймгийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн юм.






Related news