Их говийн тэмээний баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-04 12:44:39

Говь-Алтай аймаг тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилгоор их говийн тэмээний баярыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмээний баяр, Говь-Алтайн тэмээчдийн XI их наадам 11 сарын 26, 27-ны өдрүүдэд Бигэр суманд болно.

Уг наадмыг санаачлагч Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж ивээн тэтгэж, аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, ХХААГ, Бигэр сумын ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах ажээ. Сум бүрээс 5-15 тэмээчинтэй нэг баг оролцож хурдан ат, торомны уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулах, сайхан тэмээтэй ганган хос, тэмээн поло, тэмээний сүүн болон ноосон бүтээгдэхүүн, тэмээний шилдэг ганган хэрэглэл, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаал зэрэг олон уралдаан тэмцээнүүд зохиогдох юм байна.

Мөн мөнгөн буйлын эзэн болон шилдгийн шилдэг 3 тэмээчинг тодруулан шагнах ажээ.

Ш.Цоодол

Related news