ЗАВХАН: Хагас жилийн мал тооллогод нийт малчин өрхийн 20 хувийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-31 17:23:15

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогод 2700 гаруй өрх хамрагдана.


Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу хагас жилийн мал тооллогыг түүвэр судалгааны apгaap 6 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.


Тооллогод нийт малтай өрх, аж ахуйн нэгж байгууллагын 20 хувийг хамруулан түүвэр судалгааг явуулах юм. Завхан аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 26-ны өдрийн А/186 дугаар захирамжаар байгуулсан тооллогын комисс хуралдаж тооллогын төлөвлөгөөг батлан, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.


Завхан аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогод хамрагдсан нийт малтай өрх, аж ахуйн нэгж байгууллагаас түүвэрлэгдсэн 2758 өрх буюу 20 хувийг хамруулан тооллого зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Хагас жилийн мал тооллого нь эхний хагас жилийн байдлаар малын тоог гаргах, хорогдол болон төллөлтийн явцыг хянах. Малчдад нөхөн олговор олгоход шаардагдах мэдээллийг цуглуулах ач холбогдолтой юм. Тиймээс  түүвэрт сонгогдсон малчин, мал бүхий өрхүүд малаа үнэн зөв тоолуулж хамтран ажиллахыг хүсэж байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Тооллогын комиссын хурлын үеэр


Related news