Алтайн багш нарын шастирын 3 боть гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-06 23:42:41

Говь-Алтай аймгийн багш нараас хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат багш нар олон арваараа төрөн гарчээ.

Тэдний ажил үйлс амжилт бүтээлийн тухай өгүүлж, олон гэрэл зургаар баяжуулсан, танин мэдэхүйн олон баримт материал бүхий “Төрд гавьяатай түмэнд нэртэй Алтай нутгийн багш нарын шастираас...” гэсэн нэртэй 3 боть номыг Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол Улсын ардын болон гавьяат багш Жамъяншаравын Дүгэр эмхэтгэн бүтээж туурвисан байна.

Алтай нутгаас XX, XXI зуунд төрсөн багш нарын ажил амьдралын тухай, түүхэн баримтууд, өнөө цагт ажиллаж байгаа багш нар гээд 3000 гаруй багш нарын гэрэл зураг багтсан байна. "...Боловрол бол чухал бөгөөд маш том салбар. Энэ том салбарт хүчин зүтгэж яваа Алтай нутгийн гаралтай багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдээллийг багцлан ном болгоно гэдэг нэг хүн биш нэг том хүрээлэнгийн хийвэл зохих ажил юм. Гэтэл Ж.Дүгэр багш хийж чадсан, хийх хийхдээ маш чамбай хийж чадсаны нотолгоо нь энэ ном өөрөө бүлгээ. Өөр нэгэн бол зориглон барьж чадахгүй, чадлаа ч олигтой сайн хийх эсэх нь эргэлзээтэй ажлыг тэрбээр бахтай сайхан нугалжээ..." хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч МУСГЗ сэтгүүлч, зохиолч Б.Галаарид уг номын талаар тэмдэглэсэн байна.

                                                                                         Ш.Цоодол

Related news