СҮХБААТАР: Сүүлийн хоёр жилд татмын ойжуулалтыг 63 га талбайгаар нэмжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг өнгөрсөн онд 50 га, энэ онд 13 га талбайд татмын ойжуулалт хийжээ. Мөн Түмэнцогт суманд Хэрлэн голын татмын дагуу 60 га талбайд уг ажлыг хийх бөгөөд бэлтгэл ажил эхэлсэн, ирэх намар 48 мянган мод тарихаар төлөвлөжээ.
2024 онд Түмэнцогт суманд 20 га талбайд 16 мянган мод тарьсан бол, Дарьганга суманд Ганга нуурын татмын дагуу 30 га талбайд улиас, бургас зэрэг 24 мянган мод тарьжээ. Энэ нь өөрөө зориулалтын бүрэн усалгааны системтэй, ус нөөцлөх сав болон гүний худагтай.
Харин энэ онд хийсэн 13 га талбайн тухайд Дарьганга, Наран суманд талбайг хашаажуулах, модны суулгац зэрэгт нийт 147 сая төгрөг зарцуулжээ.
Гадаргын усны дагуу буюу гол, булаг шадны усны дагуу мод тарихыг татмын ойжуулалт гэдэг бөгөөд ингэснээр тухайн орчны эко систем сайжирч, усны түвшин нэмэгдэх ач холбогдолтой. Харин тусгайлан хашиж хамгаалсан эдгээр газрыг сум, багийн удирдлагууд, байгаль хамгаалагчид болон нутгийн иргэд маш сайн анхаарч, хамгаалах шаардлагатай. Усны түвшин нэмэгдэж, өвс ногоо, модны ургалт сайжирмагц малчид зориудаар малаа оруулж талбайг сүйтгэх тохиолдол цөөнгүй гарч байгааг хэлж байна.
Татмын ойжуулалтыг нэмэгдүүлэх ажлыг төсвийн 70 хувийг Адапт төслөөс, үлдсэн 30 хувийг орон нутгаас санхүүжүүлж байна.