АРХАНГАЙ: Зая гэгээний I, IV дүрийн гүдүнд сүсэгтэн олон хэдийд ч мөргөж, сүсэглэх боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Зая гэгээний хүрээ гэгээрэл” бясалгалын үйл ажиллагаа Архангай аймагт үргэлжилж байна.
Зая гэгээний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдүнг дархан цаазат Булган уулын энгэрт орших Галданзуу хийдэд залах ёслол боллоо.
Зая гэгээний I, IV дүрүүдийн гүдүнг бурханч лам Г.Пүрэвбат алтдан мөнхөлсөн байдаг ба Архангай аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн зүүн талын өрөөнд байрлуулсан байсан юм.
Гүдүн залах ёслол гэдэг нь Монголын бурхан шашны уламжлалт зан үйлүүдийн нэг бөгөөд гэгээнтэн, шүтээн, номын багшийн дүрийн бие лагшинг буюу гүдүнг зориулалтын онцгой орчинд залж, сүсэгтэн олны мөргөл, хүндэтгэлийн төв болгох ёслол юм.
Архангай аймаг аялал жуулчлалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлж байгаа бөгөөд тэр дундаа шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил “Зая гэгээний хүрээ гэгээрэл” бясалгалын үйл ажиллагаагаар ийнхүү эхэлж байна. Ингэснээр Зая гэгээний дүрүүдэд түмэн олон өдөр, шөнийн хэдийд ч зорин очиж сүсэглэн мөргөх боломжтой болж байгаа юм.
Ёслолд Гандантэгчинлэн
хийдийн лам, хуврагууд болон Наро Банчин гэгээнтэн, Зая гэгээний хүрээний
Гандангэжайлин хийдийн лам нар оролцож, дээд номын айлдварууд
айлдаж, бясалгалын сургалтууд орж, адис хүртээж байна.
Заяын
гэгээн гэж хэн бэ?
Тэр XVII-XVIII зууны
үеийн Монголын төр, шашны зүтгэлтэн, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч юм.
Анхдугаар Зая бандида Лувсанпринлэй 1642 онд Халхын Сайн ноёны хошууны ард Сунтарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Тэрээр 1645 онд Төвөдөөс Монголд заларсан хутагт Лодойжамцаас санваар авч, 1653 онд Өндөр гэгээнд бараалхан шавь оржээ. Өндөр гэгээн түүнийг Түмэнхэн Сайн ноёны хойд үр мөн гэж тодруулан “Ноён хутагт” цол хүртээжээ. Тэгээд Агваанлувсанбалсанбо хутагт Лувсанпринлэйжамц, номын хаан Маха бандида зэрэг эрдэмт лам нарын дэргэд монгол бичиг, төвөд хэл бичигт суралцжээ.
Лувсанпринлэй 1659 онд Өлзий
хутагт цагаан нуур хэмээх газар чуулсан Халхын ноёдын чуулганд оролцож байв. 1660 оны хавар
Төвөдийн Лхас хотод одож, V Далай лам Лувсанжамцаас (1617-1682) гэцэл санваар хүртжээ. Лувсанпринлэй 1679 он хүртэл Төвөдөд суралцахдаа голдуу Дашлхүмбэ хийдэд шавилан сууж байжээ.
Лувсанпринлэй Төвөдөд суралцах
хугацаандаа ном эрдмээрээ алдаршин, таван ухаанд төгс нэвтэрсний тул V Далай
ламаас “Зая бандида” буюу “Ялгуулсан гэгээн” хэмээх номын цол хүртжээ.
Зая бандида Лувсанпринлэй 1679
оны өвөл Монгол нутагтаа буцан ирж, бурхны шашныг дэлгэрүүлэх, сүм хийд
байгуулах, ном бүтээл туурвих ажлыг хийх болов. Урьд 1631 онд үндэс суурь нь
тавигдсан Заяын хүрээнд 1679 онд сүмийг нэмэн байгуулснаас гадна Тамир булаг
хэмээх газар хувийн хөрөнгөөр Гандангэжайлин буюу “Төгс баясгалант буяныг
дэлгэруулэгч” хэмээх сүмийг байгуулжээ.
Нөлөө бүхий томоохон хутагтын
хувьд Лувсанпринлэй тухайн үеийн улс төрийн амьдралд татагдан оролцож, зохих
үүрэг гүйцэтгэж байв. Тэрээр 1686 онд болсон Хүрэнбэлчирийн чуулганд оролцож,
Халхын ноёдыг эвлэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Лувсанпринлэй 1689 онд Төвөд рүү
одохоор төлөвлөж байсан боловч 1688 онд Ойрадын Галдан бошигт Халхад довтолсны улмаас
чадаагүй ажээ. Түүгээр ч үл барам тэрээр 1689 оны хавар өмнө тийш
халхчуудтайгаа нийлэхээр нүүх замдаа ойрадуудад баригдсан бөгөөд хэсэг
хугацааны дараа тэдний гараас мултран Өвөрмонголд очжээ.
Энэ үеэс эхлэн Лувсанпринлэй
Халх, Өвөрмонголын хаад ноёдын урилгаар залагдан ном айлдаж байв. Тэрээр мөн
Дарба бандид номч хутагт Содовжамц, Шива ширээт Лувсан тэргүүтэй олон сайн
эрдэмт хуврагийг төрүүлэн боловсруулсан сурган хүмүүжүүлэгч юм.
Зая бандида Лувсанпринлэй түүх
шастир, буддын гүн ухаан, яруу найргийн онол, шашны зан үйл зэрэг чиглэлээр 6
боть зохиол туурвижээ. Түүний 4 боть нь төвөд хэлээр туурвисан “Заяын саньег”
буюу “Тодорхой толь” хэмээх бүтээл юм. Түүнчлэн 1674 онд Төвөдөд байхдаа
“Түшээт хааны намтар”-ыг монгол хэлээр зохиожээ.
Зая бандида Лувсанпринлэй 1715
онд 73 настайдаа таалал төгсжээ. Түүний сууж байсан хүрээ буюу Заяын хүрээ нь
Монголын шашин, улс төр, эдийн засгийн томоохон төв болсон билээ.
Зая бандидын хойд дүрүүд Халхын
тамгатай хутагтын нэг болж, түүний шавь нар Сайн ноён аймагт захирагдаж байв.