БУЛГАН: Дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд ах дүү хоёр шигшээ багт тоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-30 11:40:53

Булган, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “FIBA 3x3 World cup” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй орны баг оролцож шилдгүүдээ тодрууллаа. 


Монгол Улсын шигшээ багт Булган аймгийн харьяат Онолбаатарын Энхбаатар, Онолбаатарын Хулан төрсөн ах дүү хоёр тоглож дүү Монголын охидын багийн 13 дугаартай  О.Хулан нь  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний MVP шилдэг 3 тоглогч болсонд нутаг орныхон бахархал дүүрэн байна.


Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин төрсөн ах, дүү сагсчид болох ОУХМ О.Энхбаатар, ОУХМ О.Хулан нар дэлхийн аваргын нээлтэд хамт гарч ирэх нь ховор тохиолдол ажээ.


Тэд хамтдаа түүх бичилцэж, Монгол Улсынхаа сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй юм.

 

Хүн төрөлхтөн даяар хүчээ үзсэн 3х3 ДАШТ-нд өндөлзүүлж, огшоосон тоглолтоор бэлэг барьсаар Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн аваргын дэд байрт шалгарлаа.  


Ах Онолбаатарын Энхбаатар нь, 2016 онд Оюутны Азийн аварга, 2017 онд Оюутны 3x3 Азийн аварга, мөн Дэлхийн лигийн аваргаар тус тус шалгарсан. "FIBA Asia cup-2025" урьдчилсан шатны тэмцээнд нийт 7 тоглолтод оролцохдоо Монголын шигшээ багаас бүх тоглолтод 10+ оноо авсан ганц тоглогч. 


2021-2022 оны Дээд лигийн шилдэг хамгаалан тоглогч буюу DPOY-оор тодорсон. "FIBA Asia cup-2025" урьдчилсан шатны тэмцээнд Хонконгийн шигшээ багийн эсрэг маш чухал хожлыг шигшээ багаараа авч чадсан бөгөөд О.Энхбаатар тус тоглолтод 11 оноо авсан байна. Энэхүү тоглолтын дараа манай шигшээ баг 73:49-ийн харьцаатайгаар Сингапурын шигшээ багийг буулган авснаар түүхэн амжилт гаргасан юм. Үүнд О.Энхбаатар 12 оноо, 14 самбар авч чадсан байна.


Дүү Онолбаатарын Хулан нь, "Токио-2020" олимпын наадмын тугчаар сонгогдож байсан тэрбээр тухайн жилдээ багийнхаа хамгийн залуу тамирчин байжээ. Тэр 23 нас хүртэлх насны ДАШТ-ий тавдугаар байрын шагналтай. Дэлхийд чансаагаараа 9-т бичигдэж байна  Малдив улсад болсон Азийн клубүүдийн АШТ-ээс ахтайгаа хамт медаль авч байсан. Мөн хоёулаа MGL3X3 лигт түрүүлсэн шилдэг сагсчид юм.









Related news