Энэтхэгт 1000 рупигийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хаслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-11-09 09:26:02

ШИНЭ ДЕЛИ./KAZINFORM/. Авлигатай тэмцэхийн тулд хамгийн том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасч байгааг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.

Тэрбээр мягмар гарагт телевизээр үг хэлэхдээ “өнөө шөнөөс эхлэн 500 болон 1000 рупигийн мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнээс хасна” гэжээ. 1000 рупи нь 15 орчим доллартой тэнцдэг аж.

Тэрбээр хэлэхдээ “харин үүний оронд 500 болон 2000 рупигийн шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргана. Хүмүүс пүрэв гарагаас хуучин мөнгөн дэвстгэртүүдийг банкинд очин солиулж болно” гэлээ.

Энэтхэгийн эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ бохир мөнгө болон авлига газар авч байна гэж Н.Моди хэлэв. Тэрбээр улс орноо авлигаас ангижруулан цэвэрлэхэд туслахыг олон нийтээс хүсэхийн сацуу үймж сандрахгүй байхыг уриаллаа.

Хуучин мөнгөн дэвсгэртүүдийг шинэ мөнгөн дэвсгэртээр солиулах хугацаа ирэх сарын 30-наар дуусгавар болох аж.

Н.Модигийн мэдэгдэл гарсны дараа нийслэл Шинэ Дели хотын АТМ буюу бэлэн мөнгөний машинуудад хүмүүс олноороо дугаарлаж эхэлжээ. Мөн бүхэл мөнгөн дэвсгэртүүдийг ашиглах гэсэн жолооч нар шатахуун түгээгүүрийн станцуудад урт дараалал үүсгэжээ.

Г.Доржханд

 

Related news