"Монос" болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон түвшний уулзвар болгох зураг төсөл боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-11 13:05:43

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Олон түвшний уулзвар” төслийг нийт 18 байршилд үе шаттай хэрэгжүүлнэ.


Энэхүү төсөл нь нийслэлд орчин үеийн стандарт бүхий, аюулгүй, тасралтгүй урсгалтай авто замын сүлжээг бий болгох, хотын замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой юм. Уг уулзварууд Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль МИС, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад Харилцааны яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг хотын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай зангилааг хамрахаар төлөвлөжээ. Эдгээр байршилд нийт 9 км авто зам, 4500 метр урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барих юм. Ингэснээр хотын гол чиглэлийн авто замын хөдөлгөөн сааталгүй үргэлжлэх нөхцөл бүрдэх ажээ.


Эхний ээлжид Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт олон түвшний уулзварын бүтээн байгуулалтыг хийх юм. Өнөөдрийн байдлаар Монос болон МИС-ийн уулзварын зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж, хөдөлгөөн зохион байгуулалтын эскиз зураг гарган, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн ажиллаж байна. "Монос" болон Механик инженерийн сургуулийн  байршлын техник, эдийн засгийн үндэслэлийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хийж байна.


Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж авто замын түгжрэл буурах тооцоо, судалгаа гарсан байна. Түүнчлэн эдгээр олон түвшний уулзвар нь зөвхөн автомашины урсгалд бус, нийслэлийнхний ажлын бүтээмж, хотын эдийн засгийн идэвхжилд эерэг үр дүн авчрах талаар албаныхан онцлов. 

 

Related news