Отрын бүс нутагт нэг сая орчим малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-11 13:56:24

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй Улсын онцгой комиссын гишүүд Улсын онцгой комиссын III хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


Хуралдаанаар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцжээ. 


Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Энэ жил улсын хэмжээнд гангийн эрсдэлийн үнэлгээг эрт гаргаж, долоодугаар сарын 25-ны өдөр өвөлжилт, хаваржилтын эрсдэлийн дүн шинжилгээг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн. Төв болон Баруун бүсэд тохиож буй гангийн нөхцөл байдлаас шалтгаалан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Иймээс малчид, тариаланчид, хөдөлмөрчдийг хадлан тэжээл бэлтгэлээ эрчимжүүлж, эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна" гэв.


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн отрын бүсийн тооцоолол, хадлан тэжээл бэлтгэлийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр, “Энэ жил Баруун бүсийн дөрвөн аймаг, Төвийн бүсийн аймгуудад нэлээд өндөр эрсдэлтэй байх тооцоо судалгаа гарсан. Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь гантай байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуйн салбар, тариалангийн гол бүс нутгуудад ургац алдах, нөхцөл байдал үүссэн. Наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд улсын ургацын урьдчилсан баланс гарна. Тэжээлийн дутагдал үүсэх магадлалтай. Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгаа гаргаж байна. Салбарын яамнаас 3 сая орчим га талбайд отор нүүдлийг зохион байгуулна. Улсын чанартай 9 отрын бүс нутагт 1 сая орчим малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Аж ахуйн нэгжүүдээс импортын хүчитгэсэн тэжээлийн үнийн судалгаа авч эхэлсэн” хэмээн мэдээлсэн юм. 

 

 

 

Related news