Ц.Гансүх Мөрөн сумын Засаг даргаар дахин томилогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар өмнөх 4 жилд ажиллаж байсан Ц.Гансүх дахин томилогдлоо.Түүнд аймгийн Засаг дарга Л.Ганболд тамга тэмдгийг гардуулан өгч баяр хүргэн ажлын амжилт хүслээ.
Энэ үеэр Ц.Гансүх “Их итгэл хүлээн Мөрөн сумын Засаг даргаар дахин сонгогдсондоо баяртай байна. Цаашид Шинэ Мөрөн хорооллыг гүйцээх, шинээр тавигдсан авто замын дагуу гэрэлтүүлэг, уулзваруудад гэрлэн дохио тавих, айл өрхүүдийг үер уснаас хамгаалах, Мөрөн сумын газар нутгийг өргөтгөх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Би хувийн эрх ашгаас илүүтэй иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэн ажиллах болно” гэдгийг хэлж байлаа.
Мөрөн сумын МАН-ын дарга Ц.Гансүх орон нутгийн сонгуульд намаа удирдан ажиллаж 31 суудлын 30 суудлыг МАН авч үнэмлэхүй ялалтыг байгуулсан, түүний болон Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын хамт олны өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажилд иргэд хангалттай гэсэн үнэлэлтийг өгсөн учраас ийнхүү Засаг даргаар дахин томилогдлоо.
Б.Гантуяа