СЭЛЭНГЭ: Мандал сум Дорнод аймгаас байгалийн хадлан бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-19 11:48:38

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг энэ жил хур бороо багатай, хэт халалтаас үүдэн хадлан тэжээл бэлтгэх, улмаар ургац хураалтын ажилд хүндрэл үүсэх төлөвтэй байна. Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум Дорнод аймгаас байгалийн хадлан бэлтгэх зөвшөөрөл авчээ.

 

Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах талаар аймаг, сумын Онцгой комиссын дарга нарын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Мандал сумын Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга Э.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.

 

Энэхүү ажлын хүрээнд тус аймгаас байгалийн хадлан бэлтгэх асуудлаар аймаг, сумын удирдлагуудтай уулзалт хэлэлцээр зохион байгуулж, санал солилцлоо.

 

Үүний үр дүнд Дорнод аймгийн Халх гол суманд малчин иргэдийн хадлан бэлтгэх талбайн зөвшөөрлийг аваад байна. Ажлын хэсэг өнөөдөр Халх гол сумын Засаг дарга Э.Бямбажаргалтай уулзаж хадлан хадах талбайгаа заалгахаар ажиллаж байна. 

 

Мандал сумаас Халх гол сумын төв хүртэл 1184 км бол хадлан хадах талбайгаас Мандал сум хүртэл 1060 км зайтай. 

 

Related news