Аймаг дундын отрын бүс нутагт 184,9 мянган толгой мал өвөлжинө гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 13:17:48

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт манай аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын 316 малчин өрхийн 184,9 мянган толгой мал оторлон өвөлжихөөр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгаа гэж ҮХААГ-ын дарга Ж.Төрмөнх хэллээ.

Хэнтий аймгийн хэмжээнд 2015-2016 оны өвөл 18 сумын 88 багийн 6,5 мянган малчин өрхөд 3,9 сая орчим толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй байгаа аж.

Мөн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны А/294 тоот захирамжаар “аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх тухай”, мөн 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот албан даалгавар, 08 дугаар сарын 12-ны өдрийн А/407 тоот захирамжаар “Сумдын засаг даргын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай” шийдвэрүүдийг тус тус гаргажээ.

Үүнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс сум тус бүрт 2,0 сая, тосгодод 1,0 сая, аймгийн нөөцийг бүрдүүлэхэд 40.0 сая, нийт 81.0 сая төгрөгийн хөрөнгийг гарган ажиллажээ.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 3,3 сая толгой мал тоологдож, 1,3 сая төл хүлээн авсан аж.

О.Буянхишиг

 

 

Related news