БАЯНХОНГОР: Өвлийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-26 10:01:01
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Баянхонгор аймагт ажиллаж, Монгол Улсын Засгийн Газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлаар аймгийн онцгой комиссыг хуралдуулж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Мөн үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, аймаг, сумын хэмжээнд бэлтгэсэн өвс тэжээлийн бүрдүүлэлт тулгамдаж буй асуудлын талаар, бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсээс төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц цаашид анхаар асуудлаар тус тус танилцуулга хийв.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэлтэй танилцаад, Гамшгийн эрсдэлийн үнэлгээг төрөл бүрээр хийх, үнэлгээнд тулгуурласан хариу арга хэмжээний төлөвлөлтийг зөв оновчтой хийх, цахилгааны эрчим хүч доголдох үеийн бэлэн байдлыг хангаж нөөц үүсгүүртэй байхыг санууллаа. Мөн түлш шатахууны нөөц хомсдох, тасрах үеийн эрсдэлийг тооцож хэвийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах, үерийн далан, суваг, шуудууны төлөвлөлт, ашиглалтад хяналт тавьж, үзлэг, шалгалтыг зохион байгуулж, шаардлагатай газруудад засвар, сэргээн босголтын ажлыг хийхийг зөвлөлөө.

Түүнээс гадна Зоонозын өвчин тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, Монгол Улсын бүсчилсэн хөгжил Хангайн бүсийн аймгуудын хооронд отор нүүдэл, хил залгаа үүссэн онцгой нөхцөл байдлын үеийн харилцан ажиллагааны төлөвлөгөө, гэрээ байгуулж шуурхай зохион байгуулах, Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын тогоол шийдвэр, албан даалгаврын биелэлтийг ханган ажиллахад анхаарах үүрэг чиглэл өгөв.
Related news