Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-30 15:38:29

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа мэдэгдлээ.


Ерөнхий сайд мэдээлэлдээ, “Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэм тогтоохын гол зорилго нь нүүрсний хулгайг зогсоож, улс орны эдийн засгийг сэргээхэд чиглэсэн байсан юм.


Намайг Ерөнхий сайдын ажлыг хүлээж авах үед эдийн засгийн өсөлт 2.4 хувиар буурч, төсөв 3.2 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн цаг байсан. Тиймээс ажлаа хүлээн авсны дараа 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотголыг хийсэн. Үүний үр дүнд, өнгөрсөн сарын байдлаар, эдийн засгийн өсөлт 5.7 хувь болж өссөн үзүүлэлттэй гарлаа.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор, борлуулалтын орлого 1.6 дахин, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашигт ажиллагаа 3 дахин, олборлолт 1.1 дахин өссөн. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бугшаад байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм.


Хяналт шалгалтын үр дүнд нүүрсний хулгайн олон арга хэлбэрийг илрүүлж, нотлох баримтыг АТГ-д шилжүүллээ. Цаашид нүүрсний хулгайг бүрэн зогсоох, эдийн засгаа сэргээх хүрээнд Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж байна” гэлээ.



Related news