ХОВД: Цэрэг татлага эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Хуулийн дагуу цэргийн татлагад Монгол Улсын иргэн, 18-26 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй.
Иймээс залуусыг иргэний үүргээ биелүүлж, цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас уриаллаа.
Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд эрүүл мэндийн даатгал төлсөн байх ба иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, цээж зураг гэх мэт баримт бичиг бүрдүүлэх юм.
Ээлжит цэрэг татлагыг зохион байгуулах ажлын баг томилжээ. Тус ажлын баг Жаргалант сумаас эхлэн тусгай хуваарийн дагуу ажиллаж байна.
Ховд аймгийн хүн амын 50 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Үүний дотор 18-26 насны 6421 эрэгтэй бий.