СҮХБААТАР: Ахмад алба хаагч О.Цэвээнжаргал шүлгийн анхны номоо гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-23 16:02:08

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын албаны ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Оросоогийн Цэвээнжаргал “Ухаарлын шаглаас” хэмээх анхны шүлгийн номоо өлгийдөн авч, өнөөдөр уншигчдын хүртээл болголоо.

 

Шинэ номын нээлтэд ОБГ-ын удирдлага, албан хаагчдын төлөөлөл, МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн, яруу найрагч Ц.Оюундэлгэр болон бусад зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.


 

Тус ном нь гурван бүлгээс бүтжээ. Нэгдүгээр бүлэгт гэр бүл, хайртай бүхнийхээ тухай, хоёрдугаар бүлэгт өөрийн залуу насаа зориулж эх орон, ард иргэдийнхээ төлөө тангараг өргөж 31 жил ажилласан Онцгой байдлын алба, хамт олныхоо тухай, харин гуравдугаар бүлэгт архинаас татгалзаж чадсанаараа ажил амьдралд нь ямар олон эерэг өөрчлөлт ирсэн тухайгаа залуус хойч үедээ захиас болгон бичсэн шүлгүүд нь багтжээ.

 

Тэрбээр Онцгой байдлыг албанд 31 жил ажилласан байна. 1998 онд аймгийн ОБГ-т гал сөнөөгч мэргэжлээр анх орж, хожим гал унтраах авто машины жолоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суужээ.


 

Шүлэг бичиж эхэлсэн түүх маань их сонин. 2009 онд архинаас бүр мөсөн татгалзсан тухайгаа өгүүлэх "Асуудлаа шийдвэрлэсэн нь" гэх анхны шүлгээ бичсэнээр яруу найрагт илүү дурлаж, өөрт төрсөн мэдрэмж болгоноо шүлгийн мөрөнд буулгах болсон. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгээр алдаж онож, унаж босож явлаа. Архинд гүн орж, ажил амьдралаа хойш татаж явсан үе олон бий. Гэхдээ үүнийгээ ухаарч, даван туулж олон хүмүүний дэмжлэгээр архинаас татгалзаж чадсанаар хэдийн 20 орчим жил болжээ. Сайн хань, сайхан хамт олны хүчээр өнөөдрийн энэ зэрэгт хүрч, ном гэж мөрөөдөж явснаас ингээд хэвлүүлчхээд бариад зогсож байна гэж санасангүй. Номын маань дээжийг хэдхэн хоногийн өмнө төрсөн өдрөөр хань маань бэлгэнд өгсөн. Нээрээ л хүн номоо гардана гэдэг шинэ хүүхдээ өлгийдөн авахтай адил гэж үнэн юм билээ. Нэг насны минь мөрөөдөл биелсэн гайхалтай тэр өдөр амьдралд тохиосон олон сайхан дурсамжийн нэг байлаа гэж  номыг зохиогч О.Цэвээнжаргал сэтгэгдлээ хуваалцлаа.

Related news