ДАРХАН-УУЛ: Гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад гурван аймгийн ИТХ хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн дарга А.Янжмаагийн урилгаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын болон ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Бат-Орхон, Төв аймгийн ИТХ-ын болон ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Энхболд нар уулзлаа.
Уулзалтаар төвийн бүсийн гурван аймаг гэмт хэргийг бууруулах тал дээр хэрхэн хамтран ажиллах, шийдвэрлэж болох зарим асуудлыг бодлогын баримт бичигт тусгах, аймгийн ИТХ, түүний Ажлын албаны харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, ГХУСАЗСЗ-ийн ажлыг нягт уялдуулан санамж бичгийг байгуулахаар ярилцлаа.

Уулзалтын үеэр хамтарсан ажлын баг байгууллаа. Ажлын багт гурван аймгийн ИТХ-ын Хууль хяналтын хэлтсийн төлөөлөл, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга нар ажиллахаар боллоо. Цаашид хамтрах ажлын төлөвлөгөө, санамж бичгийн төслийг боловсруулах юм.
Иргэдэд аюулгүй, амгалан тайван, амьдрахад таатай орчныг бүрдүүлэхэд хил залгаа, хөгжлийн нэг чигт бодлогыг барьж буй, босоо тэнхлэгт зам дагуух төвийн бүсийн гурван аймаг уялдаатай, хамтын шийдвэр гаргаж ажиллах нь ихээхэн үр дүнтэй гэдгийг гурван аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нар онцолж байна.
Ташрамд, "Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам"-д аймаг /нийслэл, сум,
дүүрэг/-ийн ИТХ-ын даргаар удирдуулсан Орон тооны бус зөвлөл урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулахаар заажээ.
Ulaanbaatar