Их говийн тэмээний баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-29 23:21:25

Говь-Алтай аймагт “Их говийн тэмээний баяр, тэмээчдийн XI их наадам өнгөрөгч өдрүүдэд Бигэр сумд амжилттай болж өнгөрлөө.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн санаачлагаар зохион байгуулагдаж эхэлсэн уг наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Алтайн хөгжил XXI зуун” ТББ, хамтран зохион байгуулагчаар аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ, Бигэр сумын ИТХ, ЗДТГ ажилласан байна. Тэмээчдийн их наадам, тэмээний баяраар 12 төрлийн уралдаан тэмцээн зохиогдож сум бүрээс баг тамирчид, тэмээчид, үйлдвэрлэл эрхлэгчид идэвхтэй оролцлоо. Тэмээ, тэмээчин, говь нутгийн сэдэвт уран бүтээлийн уралдаанд Бигэр сумын Э.Марал-Эрдэнэ, бүжиг хөгжмийн бүтээлийн төрөлд Цогт  сумын “Одод” хамтлаг, ерөөл магтаалын төрөлд Тайшир сумын малчин Д.Бат-Эрдэнэ, тэмээний шилдэг ноосон бүтээгдэхүүний төрөлд Бигэр  сумын Ц.Одгэрэл, тэмээний шилдэг сүүн бүтээгдэхүүний төрөлд Бигэр сумын А.Цэнгэлмаа, тэмээний шилдэг ганган хэрэглэгдэхүүний төрөлд Алтай сумын Г.Шинэхүү, буйл зорох тэмцээнд Төгрөг сумын В.Хадбаатар, бурантаг томох тэмцээнд Бигэр сумын Ш.Эрдэнэболд, ганган тэмээний сайхан хосын тэмцээнд Чандмань сумын Н.Батмагнай, Б.Хулан, анх удаа явагдаж байгаа “Тэмээн поло” тэмцээнд Бигэр сумын Д.Мөнхдалай ахлагчтай баг тус тус тэргүүн байр эзэллээ.

Энэ жилийн наадмын шилмэл буураар Бугат сумын Б.Нэргүйгийн улаан буур, шилдэг ингээр Бигэр сумын Ц.Отгондэлэгийн улаан ингэ шалгарлаа. Хурдан торомны уралдаанд Чандмань сумын Д.Гүнчигийн хүрэн тором, хурдан атны уралдаанд Эрдэнэ сумын М.Ууган-Эрдэнийн хүрэн ат тус тус түрүүлсэн байна. Торомны уралдааныг Есөнбулаг сумын тэмээчин улсын сайн малчин А.Энхбаатар ивээн тэтгэсэн бол хурдан атны уралдаанд түрүүлэн атыг мотоциклиор байллаа. Эхний 20-д ирсэн ат, тормонд бай шагнал олгожээ. Мөнгөн буйлын эзнээр улсын сайн малчин А.Энхбаатар, шилдэг тэмээчнээр Бигэр сумын Д.Мөнхдалай, Эрдэнэ сумын Д.Баатарсүх, Чандмань сумын А.Эрдэнэбат нар шалгарлаа. Шилдэг зохион байгуулалттай сумаар Бигэр сум тодорлоо. Дээрх тэмцээнүүдэд эхний 3-5-р байр эзэлсэн хүмүүст медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан байна.

 Ш.Цоодол

 

 

Related news