Хуучин төлөвлөгөөт хүчин чадалдаа хүрэхээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 17:46:58

Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгоны Уулын баяжуулах үйлдвэр нь ууган үйлдвэрийн нэг  юм. Энэ л уурхайгаар олон хүмүүсийн амьдрал дамжсаар  үр хойч нь үргэлжлүүлэн яваа ч хүмүүс цөөнгүй. Тэгвэл сүүлийн 5 жил жоншны үнэ дэлхийн зах зээлд уналтад орсноор уурхайн үйл ажиллагаа эрс муудсан.  Харин өнөөдрийн байдлаар уурхайн үйл явц хэрхэн байгааг Уулын баяжуулах үйлдвэрийн дарга С.Ичинноровоос тодрууллаа.

-Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргье. Сайхан намаржиж байна уу? Энэхүү ярилцлагаа хүмүүсийн ам дамжин яригдаад байгаа Бор-Өндөр тосгоны Уулын баяжуулах үйлдвэр хаалга барьж байгаа гэх яриагаар эхлье. Энэ үнэн үү?

-Тийм зүйл бол байхгүй. Хуучин ганц жоншны баяжмал байдаг байсан бол одоо төмрийн орд газраа түшиглэн төмрийн баяжмал гаргаж байна. Төмрийн баяжмалын үнэ зах зээлд унаад хүндрэлтэй байгаа ч Уулын баяжуулах үйлдвэр хаалгаа барьсан асуудал байхгүй.

-Тэгвэл Уулын баяжуулах үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Бор-Өндөр тосгоны Уулын баяжуулах үйлдвэр 2010 оноос санхүүгийн байдал хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар хүндрэлээс бага багаар гарч  уурхайн бүх цехүүд ажиллаж байна. Цаашид Баргилтын төмрийн орд газрыг түшиглэсэн ил уурхайгаа төлөвлөсөн хүчин чадалд нь хүргэн ажиллаж байгаа. Бид одоогоор 2 сая гаруй тонн хүдэр олборлох хэмжээнд түүний дагуу шинэ техник тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийгдэж байгаа бөгөөд үүний дагуу ажлын байр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

-Одоогоор үйлдвэрт хичнээн ажилтан ажиллаж  байгаа вэ? Цалин хөлсний тухайд өөрчлөлт орсон уу?

-Энэ онд 1100 гаруй ажилтан ажиллаж байна.  Харин өнгөрсөн онд 1135 ажилтай байсан бол 2016 онд 1270 орчим ажилтантай болохоор төлөвлөж байгаа. Цалинг бол цаг тухайд нь тавьж байгаа харин 2013 оноос хойш цалинг нэмж, хасагдаж өөрчлөгдсөн зүйл байхгүй. Гэхдээ Үйлдвэрчний хороо, Яамтай хамтарсан гэрээний дагуу уул уурхайн салбарт ажилдаг ажилчдын  доод цалин бол хөдөлмөрийн хөслсний доод хэмжээнээс хоёр дахин өндөр байна гэж 2014 оны  6 сарын 1-нээс эхлэн мөрдөж хоёр дахин өсгөсөн байгаа. Цаашид ашиг орлого нэмэгдвэл цалингын асуудлыг дахин шийдвэрлэхээр УБҮ-ийн зүгээс төлөвлөж байна.

-УБҮ-т юунаас болж хүндрэлд орсон бэ? Одоо жоншны баяжмалаа дэлхийн зах зээлд хэр нийлүүлж чадаж байгаа юу?

-Манай санхүүгийн хүндрэл жоншны үндсэн гаргадаг 120 мянган тонн баяжмалаа Оросын Холбооны улсад нийлүүлж борлуулдагаас 35 мянган тонн болж унаснаас үүссэн. Одоогоор ҮБҮ өмнөх шигээ 120 мянган тонныг нийлүүлж чадахгүй байгч хөнгөнцагааны үйлдвэрийн үйл ажиллагаа сэргэж байгаатай холбогдуулан ирэх онд хуучин хэвэндээ очно гэсэн гэрээ хийгдсэн. Тиймээс ирэх онд жоншоо  5 жилийн өмнөх шигээ нийлүүлж эргэлтэд оруулах юм.

-Төсөвт оруулах төлөвлөгөөний биелүүлэлт хэр байгаа вэ?

-Төмрийн баяжмалын үнэ унаж, үүнийгээ дагаад хэмжээ бага болсноос шалтгаалж төлөвлөсөндөө хүрэхгүй байх асуудал бий.

-УБҮ  улсад хичнээн төгрөгний татвар төлдөг вэ?

-Яг одоо тоогоор нь хэлэхэд хүндрэлтэй байна

-Өнөөдрийн байдлаар УБҮ-т хичнээн уурхай, цех ажиллаж байгаа вэ?

-УБҮ-ийн харьяалалд Далд уурхай, Баяжуулах фабрик, туслах цехүүд , Авто бааз, Айргийн ил уурхай,  Баргилтын төмрийн хүдрийн уурхай, цех тасгуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-Баргилтын төмрийн хүдрийн уурхайг яаж ажиллуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар сая тонн хүдэр олборлож түүнээсээ хоёр янзын баяжмал гаргасан. Өнгөрсөн оноос эхлэн хуурай 65%-ийн агуулгатай,  нойтон баяжмал 50%-ийн агуулгатай .Гэтэл баяжмалын үнэ зах зээлд унасан хэдий ч үйлдвэрлэлээ тасралтгүй явуулсаар байна.  Одоо бол сая тонн баяжмал олборлож байгаагаа 2 сая тонн болгож хүргэх зорилготой.

-Өнөөдөр үйлдвэрт тулгарч байгаа бэрхшээл байгаа юу?

-Мэдээж бага хэмжээний хүндрэл байгаа. Тодруулбал өнөөдрийн байдлаар жоншны баяжмалыг борлуулалт багассан, төмрийн баяжмалуудын үнэ зах зээлд унасан, үүнтэй холбогдуулж санхүүгийн хүндрэл тулгарч байгаа ч эхнээс шийдвэрлэсээр байна.

- Засгийн газрын шийдвэр гараад Эрдэнэт хотын Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөр тосгоны Уулын баяжуулах үйлдвэрийн хажууд баригдах шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй хэр санал нийцэж байгаа талаараа хуваалцаач?

-Эрдэнэтийн харьяа үйлдвэр баригдсанаар Хэнтий аймагт болон Бор-Өндөрт тосгон үйлдвэрлэлийн том бүс хот болох хэтийн төлөвтэй ажил юм. Тиймээс одоогоор манайд тус үйлдвэр баригдах  ажил эхлээд явагдаж байна.

-Тус үйлдвэр баригдахад Уулын баяжуулах үйлдвэрт хэр ашигтай вэ? Эерэг сөрөг тал байгаа юу?

-Мэдээж ашигтай. Учир нь Бор-Өндөр тосгон үйлдвэрийн том бүс нутаг болохоос гадна  хүн ам өсөн нэмэгдэж, тосгон маань магадгүй хот болтлоо хөгжих эерэг талтай гэж үзэж байгаа.

-Цаашид үйлдвэрийнхээ  хэтийн зорилгоос хуваалцвал?

-Баргилтын төмрийн хүдрийг түшиглээд 2 сая тонн олборлож хүдэр чигээрээр нь дэлхийн зах зээлд борлуулж хүргэхээр 2 жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин цаашид төмрийн баяжмалын үнэ өсвөл өөрсдөө баяжмалаа баяжуулах улмаар “Монголросцмевмет”-ийн ХХК-ны хэтийн төлөвлөгөөгөөр Ган хайлуулах үйлдвэр барих чиглэлтэй байна. Мөн жоншны хувьд 2013 онд 120 мянган тонн нунтаг баяжмал гаргах хүчин чадалтай байсан. Тиймээс Зүүн цагаан талын орд газарт Далд уурхай байгуулах, түүхий эдийн баазаа бэхжүүлэх, ажлыг хийхээр хөрөнгө оруулалт хийж хуучин төлөвлөгөөт хүчин чадалдаа хүрэх чиглэлтэйгээр ажиллаж байна.

О.Буянхишиг

 

 

Related news