30 оюутныг тэтгэлэгт хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ“Говийн оюу- Оюутны тэтгэлэг" хөтөлбөрт зөвхөн Өмнөговь аймгийн оюутан залуусыг шалгаруулсан юм. Тус тэтгэлэгт 30 оюутан шалгарсан байна.
Оюутолгой ХХК-ийн санхүүжилттэй "Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан"-гаас Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад Өмнөговь аймгаас амжилттай суралцаж буй оюутан залуусыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох дээрх хөтөлбөрийг зарласан юм. Уг хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 53 оюутныг дараагийн шатанд урьж сурлагын чанар, ярилцлагын оноо бусад үзүүлэлтээр бусдаас өндөр оноо авсан эхний 30 оюутанд сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.
Мөн шалгаруулалтанд Өмнөговь аймагт нэн тэргүүнд хэрэгтэй байгаа мэргэжлүүдээр суралцаж буй эсэхийг чухалчилсан байна. Тус аймагт ерөнхий мэргэжлийн их эмч, сувилахуй, соёл урлагийн салбарын мэргэжилтэн, сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш, дуу хөгжим, технологи, биеийн тамир, математикийн багш, хөдөө аж ахуй, байгаль орчин, инженер /барилга, архитектор, зам гүүр, нисэх, төмөр зам, уул уурхай, барилгын зураг төсөв, дулаан, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч\ гэсэн мэргэжлүүд дутагдалтай байгаа юм байна.
Д.Мишигсүрэн