ӨМНӨГОВЬ: Орон нутгийн эрчим хүчний дэд бүтцийг шинэ түвшинд хүргэхээр зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд барих 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталлаа.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөл энэ сарын 24-ний өдөр уулзалт зохион байгуулж, албан ёсоор нарийвчилсан үнэлгээг баталжээ.
Байгаль
орчны нарийвчилсан үнэлгээг баталснаар төслийн хэрэгжилт дараагийн шат руу
шилжих үндсэн нөхцөлийг бүрдүүлж, аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах
стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд чухал алхам болж байна.
Шинэ
станцыг ашиглалтад оруулснаар Даланзадгад сумын төв болон баруун бүсийн зарим сумын
цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлж, төвийн системээс
хамааралгүй болно.
Аж
үйлдвэрийн хөгжил, уул уурхайн бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах
боломж бүрдэж, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах,
дэвшилтэт технологийн үнс баригч системтэйгээр төлөвлөгдсөн тул байгаль орчинд
үзүүлэх сөрөг нөлөө буурах зэрэг давуу талууд бий болж байна.
Мөн
цаашлаад орон нутагт шинэ ажлын байр бий болж, барилгын болон ашиглалтын үе шатанд
инженер, мэргэжилтэн, ажилтнуудын орон нутгийн оролцоо нэмэгдэх нь нийгэм, эдийн
засгийн хувьд чухал ач холбогдолтой.
Тус төсөл нь Монгол Улсын Засгийн
газрын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолын дагуу орон
нутгийн бондын хөрөнгөөр санхүүжих бөгөөд Өмнөговь аймгийн эрчим хүчний дэд
бүтцийг шинэ түвшинд хүргэх, бүс нутгийн хөгжлийн гол хөшүүрэг болох стратегийн
ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Ulaanbaatar