Сурагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-09 14:47:58

Өмнөговь аймгийн ЗДТГ болон “Төгс голомт” ТББ хамтран зохион байгуулж байгаа “Асуудал-шийдэл”  тэмцээн амжилттай үргэлжилж байна.

Сурагчдыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, аливаа асуудлыг олон талаас харах, дүн шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэхэд тэмцээний зорилго оршиж байгаа ажээ.

Уг тэмцээнийг гурван үе шаттай явуулж байгаа бөгөөд эхний шатанд 31 оролцогч хүүхэд нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн фото зургийг заасан хугацаанд зохион байгуулагч нарт хүргүүлж, цахим орчинд олон нийтэд сурталчлсан юм байна. Дараагийн шатанд сурагчид өөрийн авсан зурагтай холбогдуулан илтгэх ур чадвараар өрсөлдсөн аж. Харин гуравдугаар шатанд  28 хүүхэд 2 баг болон 10 хоногийн хугацаанд нөлөөллийн ажил зохион байгуулж эхлээд байгаа юм. Эхний баг уг ажлынхаа хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн буруу хандлагыг өөрчлөх”  бол нөгөө баг нь “Өглөөний цагийг үр дүнтэй ашиглах” талаар олон нийтэд чиглэсэн ажил зохион байгуулах ажээ.

Д.Мишигсүрэн

Related news