15-25  насны эмэгтэйчүүд бүлэглэн  хулгай хийдэг байсныг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-27 14:04:07

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг этгээдийг илрүүлснээ өнөөдөр мэдээлсэн юм.

Цагдаад баригдсан хулгайн бүлэглэлүүд нь их дээд сургуулиуд, зах, худалдааны төв, үйлчилгээний төв, албан байгууллагуудаар явж иргэдийн эд хөрөнгийг суйлдаг байжээ. Бүлэглэл дотроо 15-25 насны долоон эмэгтэй нийлж, их дээд сургуулийн оюутнуудын гар утас хулгайлдаг байсныг илрүүлжээ. Тэд нийт 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсан байна. Хулгайн бүлэглэлийн толгойлогч гэх хоёр этгээдийг ч цагдаагийнхан саатуулжээ. Халаасны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоох зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Үнэгний ав” нэртэй арга хэмжээг зохион байгуулснаар цагдаагийнхан 19 сая 872 мянган төгрөгийн хохиролтой, 33 холбогдогчтой, 47 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн хулгайд алдагдсан нийт 18 сая төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдэд буюу эд хөрөнгийн эздэд буцаан өгчээ.

2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт гурван мянга 472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл цагдаагийн 102 утсанд бүртгэгджээ. Үүнээс 551 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өссөн байна.

Ж.Батсайхан

Related news