Бөхөн гөрөөс олноороо үхэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-01-05 12:43:14

Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн 6 сумын нутагт цөөн тоогоороо амьдардаг. Сүүлийн өдөр хоногуудад бөхөн гөрөөс олноороо үхэж байна.

ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ховд аймгийн төв дэх ажиллагсад, Говь-Алтай, Ховд аймгуудын БОАЖГ-ууд болон МХГ-ын байцаагч, сумдын бөхөн хамгаалагчид бөхөнгийн тархац нутгуудад хяналт хийжээ. Одоогоор 256 бөхөн үхсэнийг олж тогтоогоод байна. Үхсэн бөхөнгөөс дээж авч төв лабораторид шинжилгээ хийлгэсэнд мялзан өвчний вирус илэрчээ.

Ховд аймгийн Чандмань сумын Улаан үзүүр, Цахир,  Дөргөн сумын Гашууны хоолой,  Дарви сумын Баянцагаан, Тунгалагийн ус, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Шар бөөрөг, Таван хайрханы тал, Дарви сумын ар Хүйсийн говь зэрэг нутгуудад 30-100 хүртэл толгойгоор хорогдоод байгаа ажээ. Холбогдох газрууд шуурхай арга хэмжээ авч сэг зэмийг устгаж ариутгах, бөхөнгийн тархалт нутгуудыг тогтоон хяналт хийх зэргээр ажиллаж байна.

                                                                                                                        Ш.Цоодол

Related news