Энэ долоо хоногт 3 энхийг сахиулагч амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАНГУЙ. /Xinhua/. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад /ТАБНУ/ энэ долоо хоногт НҮБ-ын гурван энхийг сахиулагч амь үрэгджээ.
Гурван жилийн өмнө тус улсад христийн шашинтнууд болон лалын шашинтнуудын хооронд мөргөлдөөн дэгдсэнээс хойш аюулгүй байдал алдагдсаар байгаа юм. Ийм учраас тус улсын ард иргэдийг хамгаалахын тулд НҮБ 13 мянга орчим энхийг сахиулагч байрлуулаад байгаа билээ.
НҮБ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ долоо хоногийн мягмар гарагт тус улсын нутгийн зүүн өмнөд хэсэгт шатахуун ачсан цувааг хамгаалан явж байсан энхийг сахиулагчид руу нэгэн зэвсэгт бүлэглэл дайрах үеэр Мароккогийн хоёр цэрэг амь үрэгджээ.
Пүрэв гарагт тус улсын баруун хойд нутагт харуулд гараад буцаж явсан НҮБ-ын энхийн сахиулагчид руу 50 орчим зэвсэгт этгээдүүд халдах үеэр нэг бангладеш цэрэг амиа алдсан байна.
Энхийг сахиулагчид руу халдсан явдлыг НҮБ зэмлэн буруушаалаа.
Г.Доржханд