Азийн санхүүгийн 10 дахь чуулга уулзалтад Өмнөговийн бүсгүй оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬАзийн санхүүгийн 10 дахь чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлж Өмнөговийн бүсгүй оролцож байна.
Энэхүү чуулга уулзалтыг Хонгконгийн Худалдаа, Хөгжлийн Зөвлөл зохион байгуулж байгаа бөгөөд тус чуулганд Өмнөговь аймгийн "Галтууд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг болон DGLproject.com сайтын удирдах зөвлөл оролцож Монгол Улсад хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Хонгконгд зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт нь Азийн улс орнуудын хамгийн сүүлийн үеийн шинэлэг санаа, санаачлага, туршлага солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилготой ажээ. Олон улсад танигдсан 90 гаруй илтгэгч, 38 улс орон, бүс нутгийн 2800 гаруй төрийн болон санхүү, бизнесийн салбарын төлөөлөгчид, дэлхийн санхүүгийн болон бизнесийн хамтын нийгэмлэгийн хамгийн нөлөө бүхий гишүүд оролцож байгаа гэнэ.
Энэхүү уулзалтаар өөрчлөлт, шинэчлэлтийг удирдан жолоодох, төв банк болон санхүүгийн зохицуулагчдад тулгарч буй бэрхшээлийг бодлогын түвшинд хэлэлцэх, дэлхий нийтийн эдийн засгийн тухай хэлэлцүүлэг, даатгалын салбарын шинэчлэлийн үнэт зүйл, ногоон санхүү, төлбөрийн технологи болон Кибер аюулгүй байдлыг тухай хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны хэлэлцүүлэг болон уулзалтууд хөтөлбөрт нь багтжээ.
Оролцогчдын 36 хувь нь аж ахуйн нэгж компани, 38 хувь нь санхүүгийн чиглэлийн компаниудын төлөөлөл байгаа гэнэ.
Д.Мишигсүрэн