Гар аргаар алт олборлох гэж байсан хоёр иргэн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-17 10:55:05

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Будант тээл хэмээх газарт алт угааснаас үүссэн хиймэл нуурын ойролцоо нутгийн иргэд гар аргаар цооног ухаж, алт олборлох гэж байгаад амиа алджээ. Тэнд 5 иргэн алт ухах гэж байснаас 27-28 насны 2 нь амиа алдсан байна.

Тэдний ухсан цооног нүхрүү хиймэл нуурын ус газар доогуураа нэвтэрч орсноос амь насаа алдахад хүргэсэн байна.

Энэ тухай нэгдүгээр сарын 13-ны өдөр 14 цаг 56 минутад аймгийн ОБГ-т дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аврах албаныхан амиа алдсан иргэдийн цогцсыг гаргахаар ажиллаж байна.

Цэнхэрийн орхонд алт олборлолт хийснээс үүссэн хиймэл нуур олон байдаг. Харин 2 иргэн амиа алдсан газрын ойролцоох нуурын өргөн нь 70 м, урт нь 100 м, гүн нь 7 метр байгаа бол нуурын мөс 1.5 метрийн зузаантай хөлджээ. Нуурын эргээс 2 м зайтай ухсан цооногийн гүн нь 7м, нүхний радиус нь 1.5 м, хоёр тийш салаалж зүүн тийшээ 3м, хойд чиглэлдээ 5м орчим ухсан нүхэнд 2 иргэний цогцос байгааг тогтоосон байна.

Цогцсыг гаргахын тулд ус соруулах мотопомпоор нуурын усыг соруулж байгаа юм байна. Шаварлаг ус болохоор соруулах үйл явц хүндрэлтэй гэж байна.

Орхонд алт олборлодог компаниуд хүйтний улиралтай зэрэгцэн үйл ажиллагаагаа зогсоодог. Уурхайд хууль бусаар алт олборлох гэж байгаад нурангид дарагдсан, эрүүл мэндээрээ хохирсон асуудал өмнө нь гарч байсан. Гэвч нуурын усанд осолдсон ийм тохиолдол анхных нь юм байна.

О.Амарзаяа

 

Related news