Цогтцэцийгээс Гашуун сухайтын боомт хүртэл 70 орчим гэр гуанз ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-19 11:27:42

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун сухайтын боомт хүртэл 70 орчим гэр гуанз үйлчилгээ үзүүлж байгаа гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Нийтийн хоолны газруудын стандарт нь дотроо ангилж ялгасан юм байдаггүй учраас нийтэд нь хамруулсан хууль барьж ажилладаг гэнэ. "Аймгийн төвийн нийтийн хоолны газрууд дулаан болон усны цэвэр бохирын шугамтай байдаг учраас шаардлагад нийцсэн байдаг. Харин хөдөө орон нутаг болон сумдын гуанзуудад ийм зүйл нь дутмаг байдаг. Мөн манай аймгийн хувьд нүүрс тээвэрлэлтийн зам дагуух гэр хоолны газрууд маш олон байдгаараа онцлогтой. Манай зүгээс тэдгээр гэр хоолон газруудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг" гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ц.Оюунчимэг ярилаа.

Тус аймагт нийтийн хоолны үйлчилгээ явуулдаг албан ёсны аж ахуй нэгж 213 байдаг бөгөөд  энэ нь баяр ёслолын үеэр нэмэгдэж, бусад үед буурах хандлагатай байдаг гэнэ.

Д.Мишигсүрэн

 

Related news