“Тамирын жавар” бэсрэг наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-23 22:45:02

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо уламжлал болгосон мөсний баярыг энэ жил “Тамирын жавар” нэртэйгээр өргөн хүрээнд зохион байгууллаа. Баярын хүрээнд мөсөн шагайн тэмцээн, Булган ууланд зул өргөх ёслол, ганданд ном хурах арга хэмжээ болов.

Энэ наадмыг тогтсон сар өдөрт нэгдсэн арга хэмжээ болгож заншихыг чухалчилж байна. Ингэснээр улсын хэмжээний арга хэмжээ болгож, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм.

Мөсний баярын үеэр болсон Мөсөн шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан сумын 170 орчим харваач оролцож, хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорилоо. Дээхнээс мөсөн шагайг наадгай хэлбэрээр тоглодог байсан бол сүүлийн жилүүдэд спорт болон хөгжиж байгааг шагайчид  хэлж байна.

Мөсөн шагайг Зая гэгээн анх үүсгэсэн гэдэг. Монгол зоны уламжлалт наадгай болон хөгжсөн мөсөн шагай, дэлхийд ховор зултай уул зэрэг онцлох гайхамшгууд Архангайчуудад бий.

“Тамирын жавар” өвлийн бэсрэг наадам орой нь Булган ууланд буман зул өргөх арга хэмжээгээр үргэлжилсэн юм. Аймгийн БОАЖГ-ын хамт олон, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам нар тус бүр 1000 зул хийж, иргэдэд тараасан юм.

Бэсрэг наадмыг аймгийн ЗДТГ, БОАЖГ, Биеийн тамир спортын газар, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд хамтран зохион байгууллаа.

О.Амарзаяа

Related news