Байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход мэдээлэл чухал үүрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-19 11:23:15

“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн төвийн мэргэжилтнүүд болон орон нутгийн зохицуулагчдын баг харилцан туршлага солилцох, ажлаа танилцуулах ажил хэрэгч аяллын гурав дахь цуврал сурвалжлагыг толилуулж байна.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Үржих” бүлгийнхэн ажлын гараа сайн байгаа талаар өмнөх цувралд өгүүлсэн билээ. Харин тэд төслийн үндсэн зорилго болох өөрсдийн хийсэн ажлаа бусдад түгээх, тэмдэглэл хөтөлж арга туршлагаа баталгаажуулах талаар хангалттай ажил хийгээгүй байв.

Энэ талаар бүлгийн гишүүдэд “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үндэсний зохицуулагч Ц.Туяа зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр, “Та бүхний гүзээлзгэнэ, жимс ногоо тариалж буй арга технологио өдөр тутам тэмдэглэж хөтөлсөний дагуу уур амьсгалдаа хэрхэн дасан зохицох, усаа яаж хэмнэж болох талаар гарын авлага ном гарч бусад хүмүүст энэ арга технологи түгэн дэлгэрч ач тусаа өгөх юм. Ус ашиглалтын дэвтэр хөтөлж байж л ямар хэмжээтэй ус ашиглах, хэмнэж болохыг мэддэг болно. Та бүхэн одоо сургагч багш болсон учраас үүргээ сайн ойлгох ёстой. Эхний удаад гүзээлзгэний суулгацыг технологийн дагуу суулгаж арчилсан бол үр жимсээ авах нь тодорхой. Харин эндээс хэдэн хүн энэ арга технологид суралцаж, хэчнээн хүний хөдөлмөр хэмнэсэн гэдгээ мэдэж авч туршлага хуримтлуулав гэдэг маш чухал. Байгальд ээлтэй гэдэг нь хэчнээн литр, тонн ус хэмнэж чадсан гэдгээ тэмдэглэлдээ тодорхой өдөр, сар жилээр бичиж гаргаснаар бидний ажлын үр дүн харагдах учиртай. Жил болгоны асуудал өөр өөр байдаг. Өнгөрсөн жил хур багатай, халуун хуурай байсан бол энэ жил шавьж хорхой их болсон гэх мэт жил бүр өөрийн онцлогтой байдаг болохоор та бүхний тэмдэглэл маш чухал. Энэ хуримтлуулсан туршлагуудыг нэгтгээд гарын авлага ном гаргах боломж бүрдэнэ. Уг гарын авлага нь олон хүний амьдралд үр ашгаа өгч, түгэн дэлгэрнэ. Та бүхэн ургуулсан жимс, нарийн ногоогоор өөрийн сумыг төдийгүй зэргэлдээ сумын иргэдийг хангана. Цаашлаад аймагтаа бүтээгдэхүүнээ борлуулах гээд зах зээлээ өргөжүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх өргөн боломж байна” хэмээн онцолсон юм.

Баян-Адаргачууд орон нутагтаа хэрэгжиж байгаа төслийн урт нэрийг тийм сайн хэлж мэдэхгүй ч байгаль, уур амьсгалдаа дасан зохицож аж амьдралаа зохистойгоор аваад явах арга ухаанд суралцаж байгаа нь тэдний тарьж ургуулсан жимс, ногоо, мод бут, хонины ноосоор хийсэн гар урлалын бүтээгдэхүүн  зэрэг нь тодхон харуулж байв.

Баян-Адарга сумын Засаг даргын орлогч Б.Төрхүүтэй  “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үндэсний зохицуулагч, мэргэжилтнүүд уулзаж санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр тус сумын Засаг даргын орлогчоос сонирхсон асуултдаа хариулт авлаа.                                      

-Танай сумын өвлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?                                                    

-Манай сумын хувьд энэ жил зуншлага оройтсон, өвс ногооны гарц тааруу байсан. Зуншлага оройтсон болохоор хадланчид ч оройтож хадландаа гарлаа. Энэ жилийн хувьд 12 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэсэн нь өмнөх жилүүдээс арай бага юм. Дээр нь нэмж гар тэжээл хийж байгаа. Манай сум газар тариалангийн 3 аж ахуйн нэгжтэй. Тэнд ургац хураалтын ажил ид явж байна. Бороо хур оройтсноос үүдэж ургацын болц оройтож га-гаас авах ургац эрс буурсан. Энэ гурван аж ахуйн нэгж нийтдээ нэг га-гаас 10 орчим центнер ургац аваад байна. Өмнө нь га-гаас 18-20 центнерийг авдаг байв. Гэхдээ ургац хураалт бүрэн дуусаагүй байгаа. Сумын төвийн төсөвт байгууллагууд нүүрс, түлээгээ татаж авч өвлийн бэлтгэлээ хангаж байна.                                                                                                                                  

-НҮБХХ-ийн “Дасан зохицох” төсөлтэй танай сум хамтран ажиллаж байна. Цаашдаа ямар чиглэлээр, хэрхэн хамтарч ажиллах талаар та бүхэн өнөөдөр нэлээд нухацтай ярилцлаа, энэ тухай юу хэлэх вэ ?                                                                                                                   

-Манай сум энэ төсөлтэй 2014 оноос хамтран ажиллаж байгаа. Улз голын сав газарт оршдог сумын хувьд булаг, шандын эхүүдийг хашиж хамгаалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, усаа зохистой ашиглахад болон мод үржүүлгийн талбай байгуулахад үр дүнтэй хамтарч ажилладаг. Мөн жимс жимсгэнэ, хонины ноос, эсгий эдлэлийн гар урлалын жижиг үйлдвэрлэл явуулж иргэдэд ажлын байр бий болгосон иргэдийн бүлэг, хоршоо байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж үр дүнд хүрч байна. Бид энэ удаа аялал жуулчлалын бүс нутгийн хувьд тодорхой маршрут бүхий судалгааг үндэслэж байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар саналаа дэвшүүлсэн.                                                                                                               

-Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ дасан зохицох аргад суралцах мэдээллийг хүмүүст түгээх талаар ямар ажил хийж байна?                                                                                                                         

-“Байгальд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үр ашгийг таниулах сургалтанд ард иргэдээ идэвхтэй хамруулах талаар бид байнга дэмжиж ажиллаж ирлээ. Мөн энэ төслөөс 3-4 төрлийн сургалтыг сумандаа амжилттай зохион байгуулсан. Одоо бас ирэх долоо хоногт модны хаягдлаар гар урлалын бүтээгдэхүүн хийх сургалт зохион байгуулна.
Тиймээ, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг шуурхай, эрчимтэй авч хэрэгжүүлж байж экосистемийн үйлчилгээтэй холбоотой сөрөг үр дагавруудыг сааруулж орон нутгийн хүн амын амьжиргааны дасан зохицох чадавхийг бэхжүүлнэ. Үүнд мэдээлэл, мэдлэг түгээн дэлгэрүүлэх үйлсэд төслийн зохицуулагчид болон бүлэг, хоршооны гишүүдийн оролцоо чухал үүрэгтэй юм. Үргэлжлэл бий.

Д.Өлзий

 

Related news