С.Нямаа:Хэрэглээнд байдаг бүхий л зүйлдээ монгол бичгээ ашиглавал илүү үр дүнд хүрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ"Хүмүүн бичиг" сониноос зарласан "Монголын сайхан бичгтэн" улсын уралдааны тэргүүн байрын шагналт, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь TTJVCo-ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэсийн ажилтан Сүхбаатарын Нямтай ярилцлаа.
- Багшийн эрдэм шавиас гэдэг. Багшийн тань талаар яриагаа эхлье?
- Миний багшийг Алтантуяа гэдэг. Эх бичиг судлаач, уран бичээч хүн бий. Бүтээлүүд болон бичвэрийн тигийг нь гайхан биширч байсан миний хувьд шавь нь болох их хувь тохиолоор учирсан. 2015 онд анх багштайгаа анх холбогдож бийрэн бичлэг сурах хүсэлтэй байгаагаа хэлэхэд минь "Эх хэл соёлоо дээдэлдэг, сурахыг хүсэн хандаж байгаад маш их баяртай байна. Хотод ирэх үедээ уулзаарай " гэж билээ. Тэр сайхан үг надад урмын хаалгыг нээн өгч тэр цагаас хойш л багштайгаа холбоотой байх болсон. Би Өмнөговь аймагт байдаг болохоор гэртээ бийр, бэх авч өөрөө бичиж сурах гээд нэлээн хичээсэн боловч учраа олоогүй л дээ. Байнга уран бичээч нарын бичгийн тиг бүтээлүүдийг нь харж яаж ингэж эх бичиг соёлоо гайхам сайхан эзэмших вэ гэж өөрөөсөө асуудаг байлаа. 2016 оны хавар манай багш бийрэн бичгийн сургалт хичээллүүлнэ гэсэн зарыг олж хараад үнэхээр их баярласан. Тэгээд сургууль цэцэрлэгээс нь хүүхдүүддээ нэг сарын чөлөө аваад хот явсан даа. Тэр үеэс л тасралтгүй бийрэн бичгээр хичээллэж үндэснийхээ бичиг соёлыг судалж байна.
- Дунд сургуульд монгол бичиг үзэж байв уу?
- Бага ангид орохдоо монгол бичгээр А үсгээ заалгаж байсан. Манай бага ангийн багш дунд ангид орох үед минь дундын багш болж нэг багшаар 10 жилээ дүүргэсэн юм. Багаасаа л эх хэлтэйгээ ойр байж яруу сайхныг нь мэдэрч өссөн. Багш минь монгол хэл уран зохиолын багш байсан болохоор монгол хэл тэр дундаа яруу найрагт дурлаж байлаа. Хоёрдугаар ангиасаа яруу найргийн тэмцээнүүдэд оролцож, аймгийн чанартай яруу найргийн тэмцээнүүдээс улсын уралдааны эрх авч байсан удаатай.
- Анх багшийнхаа бичлэгийг гайхан биширч шавь нь болсон гэсэн шүү дээ. Монгол бичигт дурлахад чинь нөлөөлсөн хүн бий юу?
- Аав минь эх хэл соёлоо гэсэн чин сэтгэлтэй хүн байсан. Шүлгийг цээжлүүлэхдээ үг бүрийнх нь цаад утга мөн чанарыг ухаж тайлбарлаж өөрөө тодоор уншиж өгдөг байлаа. Монгол бичгийн хичээл анх үзэж эхлэхэд, монгол хүн болж энэ ертөнцөд төрсөндөө бахархан, бүх зүйлийн сайхныг харах нүдийг аав минь нээж өгсөн. Тиймээс л өнөөдөр юу юунаас илүү эх хэл соёл, эх орон юугаан дээдлэх хүмүүжлийг суулгаж гэж боддог.
- Аавыгаа танилцуулаач. Магад чамд үлгэрлэх олон сайхан чанар байжээ?
- Миний аавыг Сүхбаатар гэдэг ахлах дэслэгч цолтой цэргийн хүн байсан. Аливааг ном дүрмийнх нь дагуу зуун хувь гүйцэтгэх, тууштай зүтгэлтэй байх гээд олон сайхан чанарыг аав, ээж минь үр бидэндээ үлдээсэн. Ямар ч зүйлийг зааж сургахдаа заавал өөрөө үлгэрлэн хийж зааж өгдөг, миний охин чадна гэж үргэлж урам өгдөг тийм хүн байлаа. Намайг есдүгээр ангид байхад аав, ээж хоёр минь бурхан болсон ч тэр их хүмүүжлээр нь амьдралд хөлөө олж өдий зэрэгтэй явж байгаадаа тэдэндээ баярлаж явдаг даа.
- Бийрэн бичлэгийн урлагийг хөгжүүлэх тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
- Монгол бичгээ хүн бүхэн хэрэглэдэг мэддэг болохын тулд бидний хэрэглээнд байдаг бүхий л зүйл дээр их бага хэмжээгээр монгол бичгээ ашиглавал илүү үр дүнд хүрнэ гэж боддог. Тиймдээ ч энэ жилийн улсын уралдааны оролцсон хоёр бүтээлийн минь нэг аяга таваг бүхий сувинер байсан.
- Улсын уралдаанд оролцсон нөгөө бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
- Улсын уралдааны түүхэн замнал ач холбогдлын тухай 300 гаруй үгтэй эссэ бичиж түүнийгээ монгол бичигт хөрвүүлсэн. Эх бичвэрийнхээ санааг олохоор улсын төв номын сан орж 25 жилийн өмнөх "Хүмүүн бичиг" сонины хоёр жилийн дугаарыг уншсан л даа. Тэгээд гол санаагаа бас олж чадаагүй ээ. Харин эхээ бичихдээ холоос биш ойроос хайх нь зөв гэж бодон өөрийнхөө яаж монгол бичиг сурсан тухайгаа, хүн бүр эх хэлээ гэсэн хичээл зүтгэл, сэтгэл байвал маш богинохон хугацаанд сурч болдог талаар бичсэн. Бүтээлээ би дунд нь босохгүйгээр таван цаг сууж бичсэн нь үнэхээр их тэвчээр анхаарал шаардсан.
- Уул уурхайн хүн эх хэл, бичиг соёлоо дээдлэн хөгжүүлж явна гэхээр бахархам санагдаад байна л даа.
- Монгол хүн бүр л эх хэлдээ ойр байх естой гэж би боддог. Бид ямар харь орны бичиг соёлыг суралцаж байгаа биш. Өвөг дээдэс хэдэн зууныг өртөөлөн өв соёлоо тээж бидэнд үлдээсэн шүү дээ. Тэрхүү түүчээг өртөөлж буй жирийн нь л нэг монгол хүний төлөөлөл нь би.
- Бийрэн бичлэгийн урлагийг төгс дэлгэрүүлэхийн тулд юу хиймээр санагддаг вэ?
- Дунд сургуулийн сурагчдад монгол бичгийн хичээлийг заахдаа уран бичлэг, бийрэн бичлэг талаас нь заавал хүүхдүүд маш их сонирхож хичээллэнэ. Харьцангуй хүмүүс бичгийн олон хэлбэр дундаас бийрийн бичлэгийг маш их сонирхох болжээ. Тиймээс би өөрөө хичээн суралцаад сурах хүсэлтэй хүмүүст заах бодолтой явдаг.
- Монгол бичгийн гайхамшгийн талаар бодлоо хуваалцахгүй юу?
- Бидний өвөг хэдэн зууныг өртөөлөн газар шороо өв уламжлалаа энэ эринд үлдээсэн. Залуус бид бас хойч үедээ бардам сайхан өвлүүлж үлдээх ёстой. Тиймээс Эзэн Чингис хааны минь засаг зарлиг эдүгээ үр хойч бидний хайрлаж хүндэтгэж явах үнэт өв болсон бичгээ дээдэлж явах учиртай л гэж боддог.
- Сүүлийн асуултаа танд үлдээе?
- Энэ үед би өвөг эцгийнхээ талаар дурсмаар байна. Миний өвөг эцэг Луузан гэж монгол бичгийг гаргуун сайн эзэмшсэн, Амар баясгалант хийдийн лам, бичээч байсан гэж аав минь ярьдаг байсан. Би тэднийхээ үргэлжлэл учраас хичээж яваа.
Д.Мишигсүрэн