“Ардчилал- Хан Хэнтийн хөгжил 2020” тайлант уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 16:48:40

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг сумдын удирдлагуудтай уулзан, цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, төсөв санхүү зэрэг олон асуудлаар ярилцаж, санал бодлоо хуваалцав.

Тус ажлын хэсэг энэ сарын 12-оос 16-ны өдрийн хооронд Биндэр, Дадал, Норовлин, Бэрх, Батноров зэрэг сумдад ажиллаж иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо

Энэ үеэрээ аймгийн Эрүүл мэндийн төвөөс нарийн мэргэжлийн эмч нар сумдад ажиллан, үзлэг, оношилгоо явууллаа.

Засаг дарга Ж.Оюунбаатар:“Ардчилал-Хан Хэнтийн хөгжил 2020” тайлант уулзалтыг сум орон нутгийн иргэдийн дунд зохион байгуулж, уулзалтын үеэр 2013-аас 2015 оны хооронд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар иргэддээ тайлан тавьлаа. Түүнчлэн ажлын хэсэгт орсон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Байгаль орчны газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газрын мэргэжилтэнүүд иргэдийн санал, асуулгад хариулт өгч ажиллав.

Уулзалт бүрийн дараа Биндэр суманд “Залуучуудын 4 дүгээр чуулга уулзалт”, Дадал суманд “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийг сурталчилах чиглэлээр байгууллагын аварга шалгаруулах “Дэвжээ” тэмцээн, Норовлин суманд хууль сурталчилах чиглэлээр байгууллагуудын дунд “Дэвжээ” тэмцээн, Батноров суманд “Ардын богино дууны уралдаан” тус тус зохиов.

Мөн Засаг дарга сум орон нутагтаа идэвхи зүтгэлтэй ажилласан иргэдэд салбарын Жуух бичиг, аймгийн Хүндэт тэмдэг, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал “Лиш” одонг гардуулж өглөө.

Энэ үеэр иргэд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илтгэн, амжилт хүсэв.

О.Буянхишиг

 

Related news