Жайка сайн дурын ажилтнаа илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-14 22:49:11

 Японы Жайка байгууллага Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт сайн дурын ажилтнаа илгээсэн байна. Сайн дурын ажилтан Амэмия Юрико нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ЭМГ- ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах юм.

Өнгөрөгч 11 дүгээр сард Японы Жайка байгууллагын зохицуулагч Масүда Макото Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц. Энхсайхан нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сайн дурын ажилтан ажиллуулахаар болсон. Энэ дагуу Амэмия Юрико хүрэлцэн иржээ.  

Сайн дурын ажилтан Амэмия Юрико Японы Яманаши хотын иргэн. Тэрээр нийгмийн эрүүл мэндийн сувилагч мэргэжилтэй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, жирэмсэн эхчүүд болон нярай, бага насны хүүхдэд эрүүл мэндийн зөвлөгөө туслалцаа үзүүлнэ гэж өөрийн ажлын чиг үүргийг танилцуулсан юм. Тэрээр Мандалговь хотод 1 жил 8 сарын хугацаанд ажиллаж амьдарна.

“Би дунд сургуулийн сурагч байхдаа Тереза эх шиг бусдын сайн сайханы төлөө, ялангуяа хүүхдийн төлөө сайн үйлстэн болохыг хүсдэг байсан. Тэгээд энэ мэргэжлийг сонгосон” хэмээн Амэмия Юрико хэлээд монгол хүүхдүүдийн эрүүл саруул өсөн торниход өөрийн мэргэжлээ зориулах болсондоо баяртай байна гэлээ. Тэрээр Дундговь аймагт ирсэн сэтгэгдлээ хуваалцахдаа, “Үргэлж цэлмэг тэнгэртэй. Анир чимээгүй. Дулаахан. Их сайхан нутаг байна. Надад үнэхээр таалагдаж байна” гэсэн юм.

Амэмия Юрико шиг Жайка байгууллагын сайн дурын 60 гаруй ажилтан Монгол оронд ажиллаж байгаа бөгөөд 1992 оноос хойш тус байгууллагын 630 гаруй сайн дурын ажилтан Монгол Улсад ажиллажээ.

Т. Отгонтуяа 

 

Related news