Иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллана гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 21:59:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ УИХ-ын чуулганы завсарлгаанаар тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд ажиллаа.

Түүнтэй аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, С.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс хамт сум орон нутгийн ажил байдалтай танилцаж, иргэдтэй уулзсан юм. Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, мал аж ахуй эрхлэн залуу нас, хөдөлмөр бүтээлээ улс, аймаг, сум, орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд зориулан ажилласан ахмад малчиддаа Монгол Улсын Засгийн газрын шагналыг гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газрын шагнал "Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Могойт багийн малчин Х.Сүрэнжав, С.Зоригт, Ц.Отгонбаатар, Харзаг багийн малчин М.Бухал, Н.Жанлав, Налих багийн малчин Ө.Цэцэг-Өлзий нар шагнууллаа.

УИХ-ын гишүүнтэй уулзах үеэр иргэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцсон байна. Иргэд ахуйн хэрэглээний бараа таваарын үнэ өсөж буйтай холбоотой тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлэх, хүн малын эрүүл мэнд, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гэх мэт тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд хэлэхдээ "Ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, тэдэнтэй санал бодлоо солилцож эргэх холбоотой хамтран ажиллана" гэлээ. Мөн хүн малын эрүүл мэндийг сайжруулж, нийгмийн амжиргааг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлөх хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ажлын байр, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлнэ гэсэн юм.

Дашрамд дуулгахад сүүлийн жилүүдэд ажил үйлсээрээ бусад сумаа манлайлж байсан Баян-Овоо сум 2016 оны аймгийн тэргүүний сумаар шалгарсан юм.

Д.Мишигсүрэн

Related news